Явган алхах нөлөөллийн аянд 30 гаруй хүн оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-15 10:35:26

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийг нь дэмждэг сайн дурын хүмүүстэй хамтран Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймагт явган алхах нөлөөллийн аяныг өчигдөр эхлүүллээ.

 

ГБХНХЯ, НЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Түгээмэл хөгжил” ТББ хамтран “Mongolia try-2025” аяллыг зохион байгуулж байна. Тус аялалд нийслэл болон хөдөө орон нутаг, Япон улсын төлөөллөөс бүрдсэн хөгжлийн бэрхшээлтэй 18, сайн дурын туслах 20 нийт 38 хүн оролцож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрх, хувийн туслах үйлчилгээ, хүн бүрд хүртээмжтэй орчин, тэгш хамруулах боловсрол зэрэг асуудлыг хөндөж, түүний хэрэгцээ шаардлагыг олон нийтэд таниулж, уриалах зорилготой нөлөөллийн аялал 12 хоног үргэлжилнэ.

 

Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэж, төрөл бүрийн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, өөрчлөлтийг бодит болгодог. “Түгээмэл хөгжил” төвөөс энэ жишгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг эергээр таниулан сурталчлах, зөвлөн туслах, үлгэрлэн харуулах зорилгоор залуучуудын оролцоонд тулгуурласан нөлөөллийн аяныг 2015 оноос хойш зохион байгуулж байна.





Связанные новости