ӨВӨРХАНГАЙ: Ч.Ганхуяг: “Хүнсний хувьсгал”-аас бусад зээл олголт орон нутагт төдийлөн хүртээмжтэй биш байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар аймгийн ХХААГ-ын дарга Ч.Ганхуягаас тодрууллаа.
-Төр засгаас иргэдээ дэмжин олгож буй хөнгөлөлттэй зээлийн бодлого хүнс,
хөдөө аж ахуйн салбарт ихэвчлэн хэрэгжиж байгаа. Үүнийг тус аймагт хэр
хүртээмжтэй олгож байна вэ?
-Хүнс, хөдөө аж ахуйн салбар бол их онцлог. Энэ салбарын ажлын үзүүлэлт, статистик тоог бий болгодог гол хүч нь хувийн хэвшил, аж ахуй эрхлэгч, малчид, тариаланч, үйлдвэрлэгчид байдаг. Энэ хүмүүсээ төрийн бодлогоор дэмжих замаар аймаг, орон нутгийнхаа эдийн засгийг тэлэх нь манай салбарын гол онцлог юм.
Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр авч
хэрэгжүүлж буй ажил багагүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачилгаар 2022 онд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн өрнөж, жижиг, дунд
үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэн. Үүнд манай
аймаг боломжийн хэмжээгээр хамрагдсан байна.
Үүнтэй уялдаа хамаарал бүхий “Атар VI” аяныг энэ жил Засийн газрын санаачилгаар хэрэгжүүлж эхэллээ. Ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, хүнс үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулах зорилготой.
Дээр нь Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ялангуяа ноос, арьс ширний анхан шатны боловсруулалтыг орон нутагт хийж хэрэгжүүлэх, улмаар экспортлох зорилготой юм.
Мөн УИХ-ын санаачилгаар “Шинэ хоршоо”
хөдөлгөөн өрнөж байгаа. Энэ хөдөлгөөнүүд нь арилжааны банкуудын эх үүсвэрт
тулгуурлан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, хүүгийн
тодорхой хувийг Засгийн газар буюу төрөөс дэмжих нөхцөлтэй.
“Хүнсний хувьсгал”-аас бусад зээл олголт орон нутагт төдийлөн хүртээмжтэй биш байна. Үүнийг би хаа хаанаа ярьж байгаа. Саяхан аймгийн удирдлага, Хүнс, хөдөө аж ахуйн газар, арилжааны банкууд оролцсон гурван талын уулзалт хийж, санал солилцлоо. Аль болох хүртээмжтэй, түргэн шуурхай олгох асуудлыг ярилцаж байна.
-Эхний хагас жилийн байдлаар хэдэн иргэн, аж ахуйн нэгжид зээл олгосон байгаа вэ?
-Ерөнхийдөө 2023 оноос хойш 2025 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд нийт 527 аж ахуйн нэгж, иргэнд 58.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс “Хүнсний хувьсгал”-ын чиглэлээр 55 иргэн, аж ахуйн нэгжид 6.7 тэрбум, Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг 2025 он гарсаар 10 хоршоонд 866 сая төгрөгийн зээл олгосон.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 2024 онд 396 хоршоо шинээр байгуулагдсанаас 215 хоршоонд 31 тэрбум, 2025 он гарсаар 200 хоршоо шинээр байгуулагдсаны 51 хоршоонд 15.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. 266 хоршооны 1321 малчин өрх 46,1 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг авсан гэсэн үг.
“Атар VI” аяны хүрээнд хоёр аж ахуйн нэгж 200 сая төгрөгийн зээл аваад байна.
Эдгээр бүх зээлийн дэмжлэгээс ганцхан ЖДҮХС-гийн зээлийг л төр бие даан олгодог. Үүнд манай аймаг энэ жил том алхам хийж, анх удаа орон нутгийн төсвөөс нэг тэрбум төгрөг тавьсан. Мөн сангаас нэг тэрбум нэмж олгох гэрээг байгуулснаар жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ хоёр тэрбум төгрөгөөр дэмжих боломж нээгдсэн.
Төсөл хүлээн авах
хугацаанд 51 аж ахуйн нэгжээс 6.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл ирсэн
байна. Эндээс журмын дагуу шалгаруулалт хийгээд 23 аж ахуйн нэгжийн 3.165.0 сая
төгрөгийн зээлийн төслийг судалж байгаа. Саяхан ЖДҮХС-гаас томилсон Ажлын баг
ирж, газар дээр нь очиж танилцан нарийвчилсан үнэлгээ хийсэн. Удахгүй шийдвэрээ
гаргана.
ЖДҮХС-гаас 2023, 2024 онд 17 аж ахуйн нэгж 2.245.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авсан байдаг.
-Гурван талын уулзалт болсон гэлээ. Зээл олголт хүртээмжтэй биш байгаагийн
шалтгаан юу вэ?
-Хөнгөлөлттэй зээлийг
олгоход аймгуудад хэмжээ
тогтоогоогүй, улсын хэмжээний нэгдсэн эх үүсвэрт тулгуурлан зээл хүсэгчдийг
судалдаг тул жижиг аж ахуйн нэгжүүд хамрагдах боломж хязгаарлагдмал байна. Мөн арилжааны банкны орон нутаг дахь салбаруудад зээлийн эх үүсвэр
хуваарилагдаагүй учраас хугацаа алдах
асуудал байна.
Хоршоо
хөгжүүлэх сангийн зээлийг гурван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан хоршоонд
олгохоор заасан байдаг. Гэвч энэ босгыг давах хоршоо цөөхөн байна. “Шинэ хоршоо”
хөдөлгөөний хүрээнд зээл авсан хоршоод зээлээ зориулалт бусаар зарцуулах
тохиолдол ч цөөнгүй байна.