Монгол болон гадаадын шилдэг тулаанчид “Аса арена”-д тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship 22” аваргын бүсийн төлөөх “Khangarid Cup” тэмцээн маргааш “Аса арена”-д болно.
Тус тулаанд Монголын шилдэг тулаанчдаас гадна Япон, БНСУ, Бразил, Казахстан, Нигерээс тамирчид ирэх аж. “Khangarid Cup”-ын хүрээнд долоон тулаан болох бөгөөд Монгол, АНУ, Канад, Сингапурын шүүгчид тулааныг дэнслэх юм байна. Энэхүү тэмцээн нь олон улсын чадварлаг тамирчдыг эх орондоо урьж өрсөлдүүлэн, холимог тулааны ертөнц дэх Монгол Улсын байр суурийг бататгах зорилготой юм.
Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ярихдаа, “Манай холбооны түүхэнд байгаагүй том тэмцээн болох гэж байна. Монголд ирж байгаагүй олон орны тамирчид тулалдана. Монголын шилдэг тулаанч болох Ш.Одсүрэн, Б.Шинэбаатар, мөн Япон, БНСУ, Бразил, Казахстан, Нигери улсын туршлагатай тамирчид оролцож долоон тулаан болж, аваргын бүсийн эзэн тодрох юм. 61 кг-ын жингийн аваргын бүсийн тулаанд хүч үзэх Ш.Одсүрэн, Б.Шинэбаатар хоёрын хувьд нэг ч ялагдалгүй яваа. Ш.Одсүрэнгийн тухайд ОХУ-ын “Иппон Примори” холбооны тэмцээнд аварга болсон цор ганц монгол тамирчин. Ер нь Орост аварга болно гэдэг том сорилт. Харин Б.Шинэбаатар бол Японы “Гладиатор” холбооны түр аваргын бүсний төлөө тулалдаж, өрсөлдөгчөө хэдийгээр цэвэр ялсан ч жиндээ орж чадаагүй учраас аваргын бүсээ аваагүй. Энэ бол Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн гэдгийг харуулахын тулд хоёр талд ялагдаагүй шилдэг тамирчдыг бүсний аваргын төлөө тоглуулахаараа онцлог. Тулаанчид ялалт байгуулбал гэрээнд заасан шагналаа хоёр дахин нэмж авна.
Бид өмнөх тэмцээнүүдээ гадаад шүүгчээр шүүлгэж байгаагүй. Энэ удаагийн “Хангарьд cup” тэмцээнд олон орны тулаанчид өрсөлдөх учраас "One championship"-ын мэргэжлийн шүүгчдийн багийг урьж ирүүлсэн. Монгол шүүгчид тэдэнтэй хамтарч, хянагчаар ажиллах юм. Энэ нь манай шүүгчдэд туршлага, ур чадвараа улам сайжруулах боломж гэсэн үг. Холбоо энэ жил аваргын бүсээ шинэчилсэн. Манай холбоонд 2011 оноос гадаад тамирчид тулалдаж эхэлсэн. Ер нь гадаад тамирчдыг эх орондоо авчирч тулалдуулснаар тамирчдын маань чанар чансаа ахих, ур чадвар дээшлэх, мөн гадагшаа гарч тулалдахад сэтгэл зүйн том дэм болдог” хэмээн ярилаа.
Ташрамд дурдахад, дээрх тулаанаас төрөн гарсан Монголын шилдэг тулаанчдаас өдгөө АНУ-ын UFC, Ази, Номхон далайн орнуудын One Championship, Японы Deep, Gladiator, БНХАУ-ын JCK зэрэг холбоонд төрийн алтан соёмбот далбаагаа мандуулан тулалдаж байна.