Канадын Калгари хотод монгол өв соёлоо сурталчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-09 09:43:53

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Канад Улсын Альберта мужийн Калгари хотод зохиож буй олон улсын “Спрюс Медоуз” 50 дахь удаагийн морин спортын наадмын үеэр “Монголын галерей” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 7-нд боллоо.

 

Үзэсгэлэнгийн асрын нээлтэд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх М.Батхуяг, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, “Спрюс Медоуз” байгууллагын Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий захирал Линда Саутерн-Хийткотт, Альберта муж дахь Өргөмжит консул Питер Уоллис нар оролцов.

 

Зөвлөх М.Батхуяг энэхүү нэр хүндтэй наадмын үеэр ийнхүү Монгол орныг онцлон сурталчилж байгаад талархал илэрхийлэв. Мөн тэрбээр хоёр орон адууны соёлоороо ижил төстэй болохыг тэмдэглээд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Монгол Улсын санаачилсан тогтоолыг баталж, долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон зарласныг зочдод дуулгав.


Энэ сарын 15-ны өдрийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнгийн үеэр монгол үндэсний уламжлал, өв соёлыг сурталчлахын зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэлийн ноос ноолуур, савхин бараа бүтээгдэхүүн зэргийг наадамчин олонд танилцуулж, аялал жуулчлалын сурталчилгаа хийж байна.  


“Монголын галерей” үзэсгэлэнгийн асрын үйл ажиллагааг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Экспорт, олон улсын худалдааны төв хамтран Калгари хот дахь монголчуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. “Спрюс Медоуз” нь жил бүр олон улсын морин харайлтын 10 тэмцээн зохион байгуулдаг, 1000 морины багтаамжтай, өдөрт 25 мянган хүн үздэг дэлхийн томоохон морин спортын наадмын нэг юм гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.






Связанные новости