Ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-04 14:29:12

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 


Энэхүү хууль нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулах юм. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдэх, тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, гишүүн өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зориулах,  санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэнэ гэж үзэж байна. 


Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог сайн дурын нэмэлт даатгалын хэлбэрээр дэмжин, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж, даатгуулагчийг илүү олон жил хөдөлмөрлөж, тасралтгүй шимтгэл төлсөн хугацааг урамшуулах, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийх зорилтыг дэвшүүлсэн. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буй аж.

Связанные новости