АРХАНГАЙ: Жаргалантын шувууд
ФОТО МЭДЭЭ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэрэл зурагчдын холбооны гишүүн, фото зурагчин Ц.Сайнбаатарын шувуудын зургийг толилуулж байна. Тэрбээр Архангай аймгийн Жаргалант суманд амьдардаг бөгөөд шувууд, зэрлэг амьтдын зураг авах сонирхолтой.
Саяхан өөрийн нүүр номдоо “Яагаад ч юм алс холоос нүүдлэн ирж байгаа шувуудыг хэсэг амарч байхад нь улайран ойртож зураг авахаасаа татгалзаж, бараг зурагт явахгүй шахам болж байгаа маань насных уу эсвэл...? Хол замд ядарч зүдэрч яваа шувуудыг болж өгвөл үргээлгүй тойрч яваарай” хэмээн өгүүлсэн нь байгаль, эх дэлхий, жигүүртэнд хэчнээн хайртай нь анзаарагдана.
Жаргалант сум нь аймгийн төв Эрдэнэбулган сумаас хойш 230 км зайтай оршдог. Нутаг дэвсгэрийн хэмжээ 2833 хавтгай дөрвөлжин км бөгөөд уулсын дунд оршдгоороо бусад сумаас онцлогтой. Дулаан хан, Ёлын Ёвдон, Овоохойт, Цагаан хад, Хөндлөн, Нарийн нүүр, Баянзүрх, Шавхат, Ширэвтэр, Цагаан асгат, Бугатын овон, Сайхан зэрэг өндөр уулстай учраас энд биологийн олон янз байдал унаган төрхөөрөө байх нь сайхан юм.



















