БАЯНХОНГОР: Агаарын чанарыг хянах бүрэн автомат станцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-06-23 10:04:08

Баянхонгор, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймгийн төв Баянхонгор сум агаарын чанарыг хянах бүрэн автомат станцтай боллоо.

 

Автомат станц нь хүхэрлэг хий (SO₂), азотын ислүүд (NO2), нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5)-ын агууламжийг минут тутам 24 цаг, 365 хоног тасралтгүй ажиллах юм. Өмнө нь агаарын чанарын хэмжилтийг өдөрт 3 удаа (08:00, 14:00, 20:00) цагуудад механик аргаар, 20 минутын хугацаанд агаарын чанарыг хэмждэг байсан бол одооноос бодит цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой болж байна.


Баянхонгор сум агаарын чанарын автомат хяналтын станцтай болсноор, улсын хэмжээнд энэ төрлийн станцтай 10 дахь аймаг болсон нь орон нутгийн байгаль орчны төлөв байдлыг хянах, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг хэмжих, хяналт тавих боломж бүрдэв.


Аймгийн төвүүдэд нүүрс, шатах төрлийн материалуудаас ялгарч байгаа бохирдол болон авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа бохирдлыг хэмжиж чадсанаараа хянах, тохируулга хийх, стандартаас давсан бохирдол ялгаруулж байгаа тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох, шаардлага хүргүүлэх боломжтой болж байна.


Энэхүү автомат станцыг Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Солонгос улсын хамтын ажиллагааны хүрээнд 21 аймгийг агаарын чанарын автомат станцтай болгох төслөөр нэвтрүүлж байна.

Связанные новости