ЗАВХАН: Гурван сурагч ХААН банкны тэтгэлэг хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-02 16:01:01

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ур чадвар, авьяас билэг, сурлагаараа үе тэнгийнхнээ манлайлсан 3 сурагч ХААН банкны нэрэмжит тэтгэлгийн эзэн болж батламжаа гардан авчээ.


Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд ХААН банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН банк сангаас 19 дэх жилдээ оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан байна.


Завхан аймгаас ерөнхий боловсролын 22 сурагч шалгаруулалтад орж 3 сурагч шалгарсан байна. Тухайлбал, Тосонцэнгэл сумын II сургуулийн 12 дугаар ангийн сурагч Баттогтохын Энхмэнд, Улиастай сумын Чандмань эрдэнэ сургуулийн 12 дугаар ангийн сурагч Нямхүүгийн Төгс-Эрдэнэ, Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Болдбаярын Буянзул-Авхай нар шалгарсан байна.


Энэ оны хувьд тэтгэлгийн хэмжээ өсөж, цар хүрээ нь өргөжсөн бөгөөд хөдөө аж ахуйн салбарын нэн ховордсон боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, тухайн мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудыг дэмжих үүднээс онцгойлон энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгож байгаагаараа онцлог юм. 


Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах 60 оюутан, өмнө нь энэхүү тэтгэлгийг хүртсэн, одоо суралцаж буй 30 оюутан, хөдөө аж ахуйн салбарын нарийн мэргэжлийг сонгон суралцаж буй 10, нийт 100 оюутан тэтгэлэг хүртсэн байна гэж ХААН банкны Завхан салбараас мэдээлэв.


-Тэтгэлгийг ямар шалгуураар шалгаруулсан бэ?

-2024-2025 оны хичээлийн жилийн тэтгэлэг хүссэн суралцагч нь 12 дугаар ангийн сурагч байх, сурлагын голч дүн “B” буюу 85 хувь, түүнээс дээш байх, 11-12 дугаар ангидаа улс, аймаг, хотын олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан, эсвэл анги хамт олноо хошуучлан оролцсон байх. Хувь хүний ур чадвар сайтай, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог зэрэг давуу талыг нь харгалзан үзэж шалгаруулсан.

Шалгаруулалтыг аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, иргэдийн төлөөлөл, банкны төлөөллийн хамтарсан комисс шалгаруулсан байна.


-ХААН банк өнөөдрийн байдлаар нийт хэчнээн төгрөгийн тэтгэлгийг олгосон бэ?

-Энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдэд дахин тэтгэлэгт хамрагдах боломж бий юу?

-Тийм ээ, боломжтой. ХААН банкны нэрэмжит тэтгэлгийг 2007 оноос хойш жил бүр зарлаж, өнөөдрийг хүртэл нийт 2360 гаруй оюутан, сурагчдад 2.5 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгосон байна. Жил бүрийн тавдугаар сард тэтгэлгийн зарыг өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн вэбсайтууд, мөн ХААН банкны албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлдэг. Энэхүү тэтгэлэгт ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид одоо суралцаж буй сурагчид материалаа өгөх боломжтой бөгөөд төгсөх ангидаа сурч байхдаа энэхүү тэтгэлэгт материалаа өгөөд тэнцсэн тохиолдолд намар нь нэгдүгээр дамжаанд элсэн суралцахдаа тэтгэлгээ авдаг гэсэн үг. Мөн амжилттай суралцан тохиолдолд ахлах дамжаандаа дахин тэтгэлэг авах боломжтой юм.


-Тэтгэлгээс гадна оюутнуудад зориулсан хөтөлбөр бий юу?

юутнуудад зориулан сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна Rise-шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ нь нэгдүгээр дамжааны оюутнуудад зориулан шинэ орчинд хурдан дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барилд сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм. Бүтэн жилийн турш олон сонирхолтой эвент, сургалт, хамтарсан үйл ажиллагааг оюутнуудад зориулан зохион байгуулдаг. “Rise” хөгжлийн хөтөлбөрийн нээлт 9 дүгээр сард болдог. Нийгэмдээ манлайлж буй шилдэг залуус урилгаар оролцож өөрсдийн мэдлэг туршлагаас оролцогч оюутан залуустай нээлттэй ярилцахаас гадна шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг нэг дор цогцоор нь авах боломжийг бүрдүүлсэн мэдээллийн булангуудыг ажиллуулдаг.  


Связанные новости