“Оюу Толгой” ХК-ийн орлого өмнөх улирлаас 31.4 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГГуравдугаар улирлын байдлаар “Туркойз Хил Ресурс"-ийн үйл ажиллагаан дахь бэлэн мөнгөний урсгал 24 сая ам.доллар болж, 2015 оны мөн үеэс огцом бууралт үзүүлжээ.
Огцом бууралт нь Оюу Толгойн алт, зэсийн гарц буурснаас шалтгаалсан хэмээн тайлбарлаж байна. Түүнчлэн “Туркойз Хил Ресурс”-ийн хувь нийлүүлэгчидтэй холбоотой үйл ажиллагаанаас хүлээсэн цэвэр алдагдал нь 31.4 сая ам.долларт хүрчээ.
“Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж байгаа бөгөөд III улиралд гуравдугаар тэнхлэгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн аж. Тус компани бүтээн байгуулалтын ажилд 9 дүгээр сарын сүүлээр нийт 105.8 сая ам.доллар зарцуулжээ. Гүний уурхайд 1600 орчим хүн ажиллаж буй бөгөөд энэ оны сүүлчээр ажиллах хүчний тоог 2400 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Харин олборлолтын хувьд “Оюу Толгой”-н зэсийн гарц өмнөх II улиралтай харьцуулбал 9.9 хувиар, алтны гарц 47.1 хувиар буурчээ. Энэ улиралд “Оюу Толгой”-н орлого өмнөх улирлаас 31.4 хувиар буурч, 226.3 сая ам.долларт хүрсэн байна. Эдгээр нь баяжмал дахь алтны гарц, борлуулалт буурсантай холбоотой аж. “Рио Тинто” компанийн мэдээлснээр БНХАУ-ын 20 гаруй хайлуулах үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна Японд үргэлжлүүлэн туршилтаар тээвэрлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр "Оюу Толгой”-н далд уурхайн баяжмалыг худалдан авах хэрэглэгч хангалттай байгаа гэнэ.
Дашрамд дурдахад тайлант хугацаанд “Туркойз Хил Ресурс" өөрийн мэдлийн “Southgobi Resources”-ийн хувьцаануудаа худалдсан байна. Түүнчлэн тус компанийн ТУЗ-ийн тэргүүн Жилл Гардинер энэ оны эцэс гэхэд албан тушаалаа хүлээлгэн өгөх бөгөөд ТУЗ-ийн тэргүүнээр 2017 оны нэгдүгээр сараас эхлэн Петер Гиллин ажиллах аж.
Б.Заяа