Инфляци 2017 онд харьцангуй тогтвортой байх төлөв гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭИнфляцийн төсөөллийг эдийн засгийн өсөлт, нийт эрэлттэй уялдуулан өмнөх төсөөллөөс буурууллаа хэмээн Төвбанк онцолж байна.
Тухайлбал суурь төсөөллөөр жилийн инфляци 2017 оны 2 дугаар улирал хүртэл өнөөгийн түвшнээс буурч, үүнээс цааш өсөх төлөв гарчээ. Инфляци төсөөллийн хугацаанд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан зорилтот түвшнээс бага байх хандлага ажиглагдсан байна. Тодруулбал хүнсний болон хүнсний бус инфляци 2017 оны сүүлийн хагас хүртэл үргэлжлэн буурах, мах, хүнсний ногооны үнийн сааралт нь хүнсний жилийн инфляци 2017 оны эхний хагас хүртэл буурахад нөлөөлөх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр сүүлийн 4 жилийн турш буураад байгаа хүнсний бүтээгдэхүүний үнийн бууралт 2016 онд саарч, 2017 онд эргээд өснө гэсэн төсөөлөл гарсан нь хүнсний үнэ өсөх гол хүчин зүйл гэдгийг мэргэжилтнүүд тодотголоо.
Эдийн засгийн идэвхжил үргэлжлэн саарч байгаа тул 2016 онд хүнсний бус инфляци буурах хандлагатай байгааг Төвбанк 9 дүгээр сарын инфляцийн төлөв байдлын тайландаа тусгажээ. Харин 2017 оны хувьд нийт эрэлт буурах төлөв хүнсний бус инфляци нам түвшинд хадгалагдахад нөлөөлөх гэнэ. Ингэснээр инфляци 2017 онд харьцангуй тогтвортой байх төлөв гарчээ.
Б.Заяа