Канадын тагнуулын алба иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар хадгалж байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМОТТАВА./TASS/. Канадын тагнуулын алба өөрийн орны иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж аван, сүүлийн 10 жилийн турш хадгалж байсныг тус улсын Холбооны шүүхийн шүүгч Саймон Ноел илчилсэн байна.
Тагнуулын алба эдгээр мэдээллийг цахим хэрэгсэл ашиглан олж авчээ. Пүрэв гарагт нийтлэгдсэн шүүгчийн мэдэгдэлд дурдсанаар, Канадын тагнуулын албаныхан өөрсдийн явуулж буй ажиллагааны талаар шүүхэд мэдээлээгүй нь тэднийг хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхэд хүргэсэн байна. Тодруулбал, улс орны аюулгүй байдалтай холбоотойгоос бусад тохиолдолд канадчуудын хувийн мэдээллийг ийм удаан хугацаанд хадгалах эрх тагнуулын байгууллагад байдаггүй ажээ.
“Ямар ч тохиолдолд хуулийг дагаж мөрдөх ёстой. Хуулийг сахихгүй байгаа тохиолдолд даалгасан ажлыг гүйцэтгэж буй ямар нэгэн байгууллага, хувь хүнд итгэх аргагүй юм” гэж шүүгч Ноел мэдэгдсэн байна.
Харин Канадын аюулгүй байдал, тагнуулын байгууллагын тэргүүн Мишель Куломб үүний хариуд хэлэхдээ "манай байгууллага Холбооны шүүхийн шийдвэрт захирагдан, нэн даруй шуурхай арга хэмжээ авах болно" гэжээ.
Канадын телевизийн СBS сувгийн мэдээлснээр, Канадын аюулгүй байдал, тагнуулын алба 2006 оноос эхлэн хувь хүмүүсийн талаарх мэдээллийг цуглуулах тусгай программ ашиглаж байсан бөгөөд үүнийгээ шуурхай мэдээлэл цуглуулах дүн шинжилгээний төв гэж нэрлэж байжээ.
Х.Сарнай