Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 29-нд эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 29-нд буюу пүрэв гарагт эхлүүлнэ.
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206
нэгж талбайд хэрэгжүүлэх анхны жишиг “20 минутын хот” Сэлбэ дэд төвийн бүтээн
байгуулалтын эхний хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжийн хоёр
багц тендерийн бүтээн байгуулалтыг газар зүйн байршлаар нь хэлбэл, 6 буудал,
Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд 4400 орчим айлын орон сууц барих
аж.
Ташрамд дурдахад, 158 га талбайд нийгмийн
хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.Тухайлбал
6.7 км авто зам, цахилгаан холбооны 5.3 км шугам, дулаан хангамжийн 9.7 км
шугам, ус хангамж, ариутгах татуургын 19.7 км шугам, 2.4 км үерийн усны
хамгаалалтын далан суваг, 1000 метр куб усан сан, 3 гүүр, дулааны станц,
мэдээлэл холбооны төв, бизнес, инкубатор сургалтын төв, дэд станц зэргийг
байгуулж, 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг зэргийг ашиглалтад оруулаад
байна.