Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан
танилцуулгадаа, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн
газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигт туссаны дагуу
Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын
салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулж буй. Мөн хүрээнд Оросын Холбооны
Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд
Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын салбарт
хамтран ажиллах хэлэлцээр байгуулан, иргэдийн шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн
тооцож тэтгэвэр тогтоох эрх үүсгэх, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг
харилцан шилжүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас
урьдчилан сэргийлэх, зарим богино хугацааны тэтгэмж олгохоор харилцан тохиролцсон
гэлээ.
2023 оны байдлаар БНАУ-д Монгол Улсын 2577 иргэн оршин сууж
байгаагаас 1670 нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын
газрын 2024 оны мэдээллээр Монгол Улсад БНАУ-ын 31 иргэн оршин сууж байгаа аж.
Хэлэлцээрийн төслийг баталснаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгаа
хангагдаж, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох эрх үүсэх
юм.