АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Байденд хорт хавдар оношлогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-19 10:24:13

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 19 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байденд түрүү булчирхайн хурдан тархацтай хорт хавдар оношлогдсон тухай түүний ажлын албанаас ням гарагт мэдэгджээ.


“Хавдар хурдан тархдаг хэлбэр болох нь тогтоогдсон ч дааврын эмчилгээнд мэдрэмтгий байгаа тул эмчлэгдэх боломжтой” гэж мэдэгдэлд дурдсан байна. Түрүү булчирхайн хорт хавдрыг Глисоны оноо гэж нэрлэдэг 1-10 хүртэлх оноогоор эрэмбэлдэг. Ж.Байдены түрүү булчирхайн оношийг Глисоны оноогоор есөн оноогоор тодорхойлсон нь ясанд үсэрхийлсэн гэсэн үг юм.


Түүний ажлын албанаас мэдэгдсэнээр, өдгөө 82 настай Ж.Байден гэр бүлийн хамт эмчилгээний хувилбаруудыг судалж байна. Ерөнхийлөгч асны гэр бүл өмнө нь энэ өвчинтэй тулгарч байсан бөгөөд Ж.Байдены хүү Бо 2015 онд тархины хорт хавдраар нас баржээ.


Ж.Байден 1972 онд зүүн хойд нутгийн Делавэр муж улсын сенатчаар сонгогдсоноор улс төрийн замналаа эхлүүлж, уг албанд 2009 он хүртэл зургаан удаа улиран сонгогдож байлаа. Улмаар 2009-2017 оны хооронд Ерөнхийлөгч Барак Обамагийн хоёр бүрэн эрхийн хугацаанд 47 дахь дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг ялснаар 2021-2025 онд Ерөнхийлөгчөөр ажилласан билээ.


Харин өөрийнх нь нас сүүдэр, эрүүл мэндийн байдалтай холбоотой асуудалд Ардчилсан намын гишүүд санаа зовниж буйгаа илэрхийлсний дараа Ж.Байден 2024 оны долоодугаар сард ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс нэрээ татаж, дэд Ерөнхийлөгч асан Камала Харрис намаасаа нэр дэвшсэн боловч Д.Трампт ялагдсан юм. Ж.Байден 2020 оны сонгуульд ялах үедээ Америкийн түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч болж байсан бол 78 настай Д.Трамп дөрвөн жилийн дараа уг рекордыг эвджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх мэдээг сонсоод харамсаж байгаагаа Truth Social хуудсаараа илэрхийлжээ. “Меланиа бид хоёр Жо Байдены оношийн талаар сонсоод гунигтай байна. Жилл болон гэр бүлийнхэнд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, Жод түргэн эдгэрэхийг хүсье гэж Д.Трамп хэлсэн байна.

Связанные новости