СҮХБААТАР: "Хээрийн түймрийн эрт арга хэмжээ" төслийг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Хээрийн түймрийн эрт арга хэмжээний төсөл”-ийг аймгийн Онцгой байдлын газар орон нутагтаа хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сумдын ЗДТГ болон малчин өрхүүдэд түймрийн үед ашиглах нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг олгож байна.
Эрдэнэцагаан, Дарьганга, Асгат сумын ЗДТГ-т сансрын
интернэт буюу старлинк төхөөрөмж, салхины хурд хэмжигч, хээрийн түймрийн үед ашиглах хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас 20 ширхгийг, мөн сум тус бүрийн 24 малчин өрхөд түймэр унтраах үлээгч аппаратыг хүлээлгэн өглөө.
Мөн төслийн хүрээнд мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бүрэлдэхүүнд хээрийн түймэртэй тэмцэх арга зүй, урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал, техник багаж хэрэгсэлтэй ажиллах танхимын сургалтыг зохион байгуулж байна.
Дээрх төслийг олон
улсын байгууллагууд хамтран Монгол Улсад хэрэгжүүлж, Старт нэтворк сангаас санхүүжүүлж байна.