ДОРНОГОВЬ: Говийн бүсийн зөвлөгөөнөөр 60 төсөл бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenebulgan@montsame.mn
2025-05-12 13:17:37

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд "Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль"-ийн дагуу бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүс нийгэм, эдийн засгийн асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий зөвлөлийг бүсүүдэд байгуулсан.


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймаг говийн бүсэд хамаарч байна. Бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” Дорноговь аймгийн Сайншанд сумын Спорт цогцолборт өнөөдөр болж байна.


Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нар, говиос сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад холбогдох албаны төлөөлөл бүхий 60 гишүүнтэй зөвлөл хуралдаж таван салбар хэлэлцүүлэг өрнүүлж байна.


Үүнд, “Говийн бүсийн хөгжил-2040”, бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, бүсийн зөвлөл-эрх зүйн орчин, бүсийн онцлог-харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг хэлэлцэж буй. Мөн бүсийн хэмжээнд 2025 онд хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, Дорноговь аймагт 20, Өмнөговь аймагт 13, Дундговь аймагт 14, Говьсүмбэр аймагт 17  төсөл арга хэмжээг зохион байгуулахаар тусгажээ.


Говийн бүсийн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1183 төлөөлөгч оролцож байна.




Связанные новости