850 иргэн 3 сараас 30 жилийн хугацаатай ипотекийн зээл авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-02 16:07:56

Есдүгээр сард шинээр 850 зээлдэгч ипотекийн зээлд хамарснаар нийт зээлдэгчдийн тоо 87925-д хүрсэн хэмээн Төвбанк мэдэгдлээ.  

850 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамарснаас 537 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 313 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээл авчээ.

Есдүгээр сарын байдлаар банкууд 3 сараас 30 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд жигнэсэн дундаж хугацаа нь 19.7 жилтэй тэнцэж байна.

Ипотекийн зээлийн нийт  үлдэгдэл  3. 943.0  тэрбум  төгрөгт  хүрсэн бөгөөд шинээр олгосон зээл өмнөх сараас  32.6 хувиар буурчээ.  Нэг зээлдэгчид ногдох тухайн сард олгосон  зээлийн хэмжээ дунджаар 59.9 сая төгрөг болсон байна. Харин ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа  хэтэрсэн зээл 2.3 хувь, чанаргүй зээл 1.1 хувьтай гарлаа.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурдыг өмнөх сартай харьцуулбал 0.4 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс  8.0 нэгж хувиар буурч 18.8 хувьд хүрчээ.

Ипотекийн зээлийн үлдэгдэл, сарын өсөлт:

  Есдүгээр сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.3 хувь буюу 3047.6 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл эзэлж байна.  20.3 хувь буюу 798.7 тэрбум төгрөгийг банкууд өөрийн эх үүсвэрээр олгожээ. Харин  2.5 хувь буюу 96.8 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна.  

Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 32.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 35.0 хувиар тус тус буураад байна.

Банкуудын есдүгээр сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 8.7 хувь, банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 13.0 хувьтай байна.

 Б.Заяа

Связанные новости