Баярын жагсаалд 1000 гаруй ихэр оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын ихрүүдийн холбооны 35 жилийн ойд зориулсан баярын жагсаал өнөөдөр төв талбайд боллоо.
Манай улсад ихрүүдийн баярыг 1990 оны 5 дугаар сарын 1-ний өдөр анх “Хос уянга” нэрээр тэмдэглэн баярын жагсаал зохион байгуулж, анхны уулзалтад 57 ихэр оролцож байв. Энэ удаагийн ихрүүдийн жагсаалд Хэнтий, Дундговь, Дорноговь зэрэг найман аймгаас 1000 гаруй ихэр оролцлоо. Дундговь аймгаас гэхэд монголын анхны 3 ихэр, хоёр сая дахь иргэн болсон хоёр ихэр, тэдний ихэр хүүхдүүд ирсэн байв.
Ихрүүдийн баярын жагсаалд 2006 оноос хойш оролцож буй, Монголын анхны 3 ихэр Д.Цэрмаа, Д.Гүнсмаа,
Д.Дэнсмаа нар Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1950 оны 8 дугаар сарын 1-нд мэндэлсэн. Тухайн цаг үед Юмжаагийн Цэдэнбал дарга ихэд баярлан, эмнэлгээс машинаараа гэрт нь хүргэж өгч байсан түүхтэй аж. Ихрүүд ярихдаа, "Баярт оролцож буй бяцхан ихрүүдийг хараад сэтгэл их хөдөлж
байна. Бид гурвуулаа алдарт эх. Биднийг төрөхөөс өмнө манай удамд ихэр
байгаагүй. Харин одоо ач, зээ нар минь ихэр хэмээх ховор заяанд төрж байна. Дунд дүү гэхэд хоёр ихэр зээ охинтой. Монголынхоо
бүх ихэрт баярын мэнд хүргэе" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Төв аймгийн иргэн Г.Мөнхцэцэг 2014 онд онд 3 ихэр хүүгээ төрүүлжээ. Ихэр гэдгийг нь анх мэдээд айх, гайхах зэрэгцэн баярлаж хүлээн авчээ. Ихэр хөвгүүд 2 эгчтэй. Тэднийг төрөхөд эгч нар нь 2 болон 4 настай байсан учир 5 жаахан хүүхэд өсгөх амар байгаагүй ч гэр бүлийнхээ дэмжлэгээр хүүхдүүдээ зөв хүн болгоход анхаардаг байна.
Төв аймгийн спортын төрөлжсөн сургуульд 5 дугаар ангид сурдаг А.Уудамзаяа, А.Удамзаяа, А.Уужимзаяа нар хэлэхдээ “Хүмүүс биднийг хараад "Хөөх ямар гоё юм бэ?" гэдэг.
Харин бусад ихэртэй харьцуулахад амархан ялгаад байдаг. Найзууд маань зан чанар, сонирхол, нүүрэн дээрх мэнгээр сайн ялгадаг гэцгээдэг.
Ихрүүдийн баярт анх удаа оролцож, ихэр өвөө, эмээ, ах, эгч, нас чацуу хүүхдүүдийг хараад "Ийм олон гурван ихэр байдаг гэж үү?" гээд гайхаж нэгнээсээ асуусан. Ирээдүйд бизнесмэн, эмч, тогооч болох мөрөөдөлтэй” гэв.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай улсад 21 мянга 277 ихэр байдаг аж.