Хятадын тал татвараас чөлөөлөх бараануудын жагсаалтыг гаргасан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-04-30 17:24:32

ШАНХАЙ, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /Reuters/. Хятад улс 125 хувийн татвараас чөлөөлөгдөх, АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг гаргаж, энэ талаар компаниудад сэм мэдэгдэж байгаа тухай хоёр эх сурвалж мэдээлжээ. Бээжингийн засаг захиргаа Вашингтонтой хийж буй худалдааны дайны уршгийг багасгахыг эрмэлзэж буй үед энэ мэдээ цацагдсан байна. 


Хятадын тал эм, бичил чип, онгоцны хөдөлгүүр зэрэг зарим бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлээд байгаа бөгөөд татвараас зайлшгүй чөлөөлөх шаардлагатай бараагаа мэдүүлэхийг компаниудаас хүссэн гэж Ройтерс агентлаг өнгөрсөн баасан гарагт мэдээлжээ. Гэсэн хэдий ч цагаан жагсаалт” хэмээн нэрлэгдэж буй жагсаалтын талаар өмнө нь ямар нэгэн мэдээлэл гараагүй юм.


Даваа гарагт Шанхай хотын захиргаа уг жагсаалтын талаар нэгэн компанитай холбогдсон гэж эх сурвалж мэдээлээд, уг компани зарим бүтээгдэхүүн нь АНУ-ын технологиос хамааралтай тул татвараас чөлөөлөх хүсэлтийг өмнө нь гаргасан байсан гэдгийг нэмж дурджээ. “Бидэнд АНУ-аас авах шаардлагатай олон технологи бий гэж тэрбээр хэлсэн байна.


Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, зарим компани өөрсдийн импортын бүтээгдэхүүн нь хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах нөхцөлийг хангаж байгаа эсэхийг лавлахын тулд эрх бүхий байгууллагуудтай хувийн шугамаар холбогдохыг хүсэж байгаа ажээ.


Хятад улс АНУ-аас импортлох этаныг татвараас чөлөөлж байгаа талаар Ройтерс агентлаг мягмар гарагт мэдээлснээс үзэхэд татвараас чөлөөлөх бүтээгдэхүүний жагсаалт өргөжиж байгаа бололтой. АНУ цорын ганц нийлүүлэгч учраас татвараас чөлөөлөх хүсэлтийг этан боловсруулагч томоохон компаниудын зүгээс хэдийн гаргажээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулахад ойртож байна гэж бодож байгаагаа мягмар гарагт илэрхийлсэн байна. “Гэхдээ энэ нь шударга хэлэлцээр байх болно” гэдгийг тэрбээр тодотгожээ. Хятадын Худалдаа, гаалийн яамнаас энэ талаар тодруулахад хариу өгсөнгүй. 

 


Связанные новости