Б.Батпүрэв: Аргацаасан бодлого эдийн засгийн солонгоролтыг хазаарлаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭНээлттэй нийгэм форумаас “Монгол Улсын 2017 оны төсвийн тэнцэл, өрийн удирдлага” сэдвээр Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол Улсын нийт зээлийн 21.4 хувийг гадны зээл эзэлж буй бөгөөд эхний ээлжинд 6.6 их наяд төгрөгийн өр төлөх тооцоо гарсан. Дээрх хэлэлцүүлгээр “2017 оны нэгдсэн төсвийн тэнцэл, өрийн удирдлагын талаар Нээлттэй Нийгэм форумаас хийсэн хөндлөнгийн тойм дүгнэлт”-ийг Судлаач Б.Батпүрэв танилцуулсан юм. Түүнтэй эдийн засгийн нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийг хүндрүүлж буй гол хүчин зүйл нь өр юм. Өрийн удирдлагын талаар та сая дүгнэлт хийлээ. Эдийн засгаа сайжруулах олон хувилбаруудад Засгийн газар дүн шинжилгээ хийж байна. Авч буй арга хэмжээнүүдийг хэр оновчтой хувилбар гэж үзэж байна вэ?
-Өрийн дарамт 2017 оны төсөвт ирнэ хэмээн гадуур ярьж байна. Яг үнэндээ 2017 он хамгийн хүнд цаг үе нь биш. 2018, 2022 онд өндөр төлбөр хийх үе. Бид 2012 онд босгосон нэг тэрбум гаруй ам.долларын бондыг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн төлөх учиртай. Энэ төлөх мөнгийг 2017 онд хуримтлуулах ёстой.
Монгол Улсын төсвийн орлогын 25 хувь нь өрийн үйлчилгээнд явах тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл өрийн хүү болон үндсэн төлбөр барагдуулахад Засгийн газар орлогынхоо дөрөвний нэгийг зарцуулна. Олон улсын зах зээл болон уул уурхайн түүхий эдийн үнээс шалтгаалах жижиг эдийн засагтай Монгол Улсын хувьд өр төлөх нь хүндрэлтэй. Өнөөдрийн төсвийн төсөөллөөр өр төлөх мөнгө хуримтлуулах боломжгүй. Монгол Улс өрөө төлөхөд биш урсгал зардалд зээл авахад хүрчихлээ. Нөхцөл байдал ийм байгаа учраас Стэнд бай хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хувьд төсвийн сахилга батыг сайжруулах, гадныханд Монгол Улсын төсвийн бодлого зөв явах нь гэсэн сэжмийг өгнө. Түүнээс биш хангалттай хэмжээний зээл, хөрөнгө оруулалт орж ирэхгүй.
-Судлаач хүний хувьд өрийн асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар юу хийх ёстой вэ?
- Засгийн газарт хүндрэлээс гарах гарц тун бага байна. Хоёр хувилбар дэвшүүлж болох юм. Гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа дахин хэлцэл хийж, зээлийнхээ үндсэн төлөлтийг хойшлуулах нэг арга зам байна. Нөгөө нь дахин санхүүжилт босгох юм.
-Дахин санхүүжилт босгоход хүндрэлтэй. Зээлжих зэрэглэл маань доошилсноос болж хүүний дарамтад монголчууд өртөөд байгаа шүү дээ?
- Монгол Улс аль хэдийнээ дарамтанд орчихсон. 2012 онд 1.5 тэрбум ам.долларын бонд босгоход зээлийн хүү нь 4-5 хувьтай байлаа. Харин 2016 оны 3 дугаар сард босгосон “Мазаалай” бондын хүү нь 10 хувь болсон. Энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн шатлал 3-4 хувиар доошилсоны үр дүн юм. Өөрөөр хэлбэл зээлийн хүү хоёр дахин өсчихсөн.
-Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газар ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?
-Төсвийн тогтвортой байдал үнэхээр алдагдсан. Үүнийг жил бүр гаргадаг орлого, зарлагын тооцоогоор хэмжиж болохгүй. Монгол Улс эдийн засгаа ингэж хөгжүүлж, төрөлжүүлнэ, ажлын байрыг ийнхүү дэмжинэ гэсэн бодлогын хөтөлбөр юуны түрүүнд тогтвортой болмоор байна. Төсвийн үндсэн суурь болох бодлого алдагдсанаас болж эдийн засаг савлагаатай байна. Төсвийг удирдаж байгаа Засгийн газар бизнес, орлого, зарлагын тогтвортой байдлыг хангахын тулд олон өнцгөөс асуудлыг харах ёстой. Тухайлбал төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар урсгал зардал, орлогын төлөвлөлтийг тооцохдоо санхүүгийн тогтвортой байдлын хэдхэн үзүүлэлтийг ашиглах жишээтэй. Гэтэл олон улсад үүнийг өргөн хүрээнд авч үздэг. Олон улсын үзүүлэлтээр тооцвол Монгол Улсын төсвийн тогтвортой байдал эмзэг, гадны нөлөөнд өртөмхий байгаагаас бага зэргийн эрсдэлд их хэмжээний дарамт үүсэхээр байна.
-2017 оны төсвийн төсөл ямар дүн авахаар байна вэ?
-Өмнөх төсвийн төслүүдээс харахад харьцангуй сайжирсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гарсантай холбоотой. Тухайлбал уул уурхайн бүтээгдэхүүний үнийг дэлхийн үнэ ханшийн үзүүлэлтэд түшиглэн тооцдог болсноор орлогын төсөөлөл үнэнд ойртсон.
-Төсвийн төсөөллийн хувьд ямар эрсдэл гарахаар байна. Эерэг тал нь юу байна вэ?
-Орлогын хувьд тасалдах болов уу гэсэн болгоомжлол байна. Учир нь төсвийн төсөл өмнөхөөс сайжирсан ч хөөс байсаар байна. Жишээлбэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ирэх онд 15 хувиар, Хүн амын орлогын албан татварыг 11 хувиар өсөх төсөөллийг гаргасан. Татварын орлого нийт төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Гэтэл эдийн засаг хүндрэлтэй энэ үед татварын орлого өснө гэдэг хэцүү. Хар ухаанаар бодоход ч боломжгүй зүйл. Энэ оны байдлаар эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан татварын орлого 10 гаруй хувиар буурч тасалдсан. Гэтэл ирэх онд татварын орлого 15 хувиар сайжирна гэдэг юу л бол. Харин зардлын хувьд өмнөх төсвүүдээс ахиц гарсан. Өөрөөр хэлбэл урсгал зардлаа нэлээн хумисан. Гэхдээ энэ нь хангалттай үзүүлэлт биш. Гадны зээлээр буюу 857 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Хятадаас 60 гаруй хувийг авах тооцоо явж байна билээ. Энэ нь эдийн засаг талаасаа хэр үр ашигтай вэ гэдэг нь эргэлзээтэй.
-Эдийн засгаа солонгоруулах тухай бид олон жил ярилаа. Үүнийг төсөвтэй хэрхэн холбох вэ?
-Төсөв гэдэг бол эдийн засгийг удирдах нэг хэрэгсэл. Хэрэв солонгоруулах гэж байгаа бол урт хугацаанд тухайн салбаруудаа ямар бодлогоор дэмжих вэ гэдгээ эхлээд томъёолох ёстой. Үүнийгээ жил бүрийн төсөвт тусгах хэрэгтэй. Гэтэл манайхан эдийн засгийн байдлаасаа шалтгаалан хаанаас орлого орж ирэх эсэхийг үндэслэн төсвийн төслөө хийж байна. Саяын төсвийн тодотголоор өдөр тутмынхаа асуудлыг шийдэхийн тулд жилийн өмнө баталсан хуулиудаа хүчингүй болгож байх жишээтэй. Ийм аргацаасан бодлого эдийн засгийн солонгоролтыг хазаарлаж байна. Өөрөөр хэлбэл тогтвортой нийгэм, эдийн засгийн бодлого хэрэгжих суурь нь манайд бий болоогүйн нэг илрэл юм.
- Эдийн засаг хэзээ сэргэх бол?
-Монголын эдийн засаг олон улсын зах зээлээс ихээхэн хамааралтай. Өөрөөр хэлбэл богино хугацаанд огцом сэргэлт ирэхгүй. Таваарын зах зээл 2020 оноос нааш сэргэхгүй л болов уу.
Б.Заяа