ГОВЬ-АЛТАЙ: Эрсдэлийг тооцоолж эртнээс хариу арга хэмжээ төлөвлөхийг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дөрөвдүгээр сарын 16-нд Говь-Алтай аймагт ажиллан Онцгой комиссын хуралдаанд оролцлоо.
Тэрбээр өнөөгийн нөхцөл байдлын мэдээлэл болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцан цаашид аймаг, орон нутгийн хэмжээнд үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, эртнээс хариу арга хэмжээг төлөвлөхийг анхааруулав.
Говь-Алтай аймгийн Онцглй комиссын хуоалдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж байгаа төсвийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Мөн “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан 18 сумын 1029 малчдын нөхцөл байдал, төслийн үр дүнтэй танилцаж, мэргэжлийн байгууллагуудаас заавар, зөвлөмж өгч ажилласан тухай мэдээлэв.
Монгол Улсын Шадар сайдтай Говь-Алтай аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хүрээнд энэ онд Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэгийг зохион байгуулахтай холбогдуулан 18 сумын удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж, бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгсөн байна.
Одоогоор тус аймгийн нийт нутгийн 72.4 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна хэмээн энэ үеэр танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян, Аймаг, орон нутгийн хэмжээнд үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөн хэрэгжүүлэх, бүх шатанд гамшгаас хамгаалах мэдлэгийг олгох сургалт, дадлагыг эрчимжүүлж, бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг анхааруулав.
Ташрамд, аймгийн Засаг дарга Г.Чинбатын саналыг үндэслэн ачаа тээвэрлэх 5 тоннын даацтай нисгэгчгүй дроныг Онцгой байдлын газарт олгохоор шийдвэрлэсэн юм.