ГОВЬ-АЛТАЙ: Эрт илрүүлгийн үзлэгт нэгдүгээр ангийн 1140 хүүхэд хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд нэгдүгээр ангийн 1140 хүүхэд хамрагдана.
Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар улсын хэмжээнд нэгдүгээр ангийн бүх хүүхдийг эрт илрүүлгийн үзлэгт шат дараатайгаар хамруулж байна. Аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид суралцаж буй 1140 гаруй хүүхэд хамрагдах юм. Эрт илрүүлэг шинжилгээгээр нүд, шүд, сонсгол, зүрхний эмгэгийг илрүүлж, эмчилж эрүүлжүүлэх юм. Одоогоор шүдний үзлэг эмчилгээг эхлүүлсэн бол зургаадугаар сарын 1-нээс өмнө бүх үзлэг шинжилгээг хийж дуусгахаар зорьж байгаа тухай тус аймгийн ЭМГ-ын Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Батцэцэг мэдээллээ.
Нэгдүгээр ангийн хүүхдийн эрт илрүүлгийн шүдний үзлэг зохион байгуулах гурвалсан гэрээг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг шүдний эмнэлгүүдийн удирдлагууд, ЭМГ-ын даргатай байгуулж хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр шүд эмчлэх, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлын талаар боловсрол олгоход төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.