Ц.Ням-Осор:Төрийн өмчит 89 компанийн 50 гаруй нь алдагдалтай ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-27 17:24:21

Цахилгаан станц, МИАТ, төмөр замыг хувьчилж болохгүй хэмээн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор мэдэгдлээ.

Тэрээр төр томоохон компаниудаа хувьчлалгүйгээр  өгөөжийг нь улсад оруулдаг туршлага гадны улс орнуудад бий. Цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал хэмээн тодотгов.

Ц.Ням-Осор ярихдаа, “Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 89, үйл ажиллагаа нь зогссон ч тамга тэмдэгтэй 7 компани бий. Дээрх компаниудын өр 2012 онд 3 их наяд төгрөг байсан бол 2015 оны эцсээр  өрийн хэмжээ 10.5 их наяд төгрөг болж 3 дахин өссөн үзүүлэлттэй гарлаа. Авлага нь 1.2 их наяд төгрөг байсан бол 2.2 их наяд боллоо. 90 гаруй компанийн хөрөнгийн үнэлгээ 21 их наяд төгрөгөөр хэмжигдэж 89 компаниас 30 орчим нь ашигтай ажиллаж үлдсэн 50 гаруй нь алдагдалтай байгааг нуусангүй.

Түүнчлэн тус газраас өмчийн асуудлаар 4 чиглэл боловсруулан Засгийн газарт санал оруулахаар ажиллаж буй аж.

Тодруулбал Мах корпораци, Дарханы газрын тосны үйлдвэр зэрэг үйл ажиллагаа явуулдаггүй 9 компанийг татан буулгах,  чиг үүрэг ижил компаниудыг нэгтгэх, Дулааны цахилгааны станц, МИАТ, төмөр зам, уурхай зэрэг стратегийн томоохон компаниудын менежментийг сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

 “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын талаарх сэтгүүлчдийн асуултад, тэрээр “Бидний зүгээс Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан талтай хурал хийхээр хэлцэл хийсэн. Өнөөдөр ЗГХЭГ дээр сүүлийн хэлцлийг хийж эцэслэнэ. 49 хувийг авсан тал ТУЗ болон захиралыг  2 жилээр томилох саналтай  байгаа. Үүнийг шийдчихвэл “Эрдэнэт үйлдвэр” -ийн ТУЗ хурлаа  хийнэ. Компанийн тухай хуулиар төр 51 хувийг эзэмшиж байгаа гээд нөгөө талдаа шууд тулгалт хийж болохгүй. Тиймээс энэ бүх асуудлыг бичгээр төлөвлөж байна” гэв.

Харин  Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж буй хэрнээ удирдлагууд нь маш өндөр цалин авч буйг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор тайлбарлахдаа, “Төрийн өмчийн 89 компанийн 10 компанийн 30 гаруй удирдлага 5 саяас дээш төгрөгийн цалинтай. Үлдсэн 79 компанийн удирдлага 3 сая орчим  төгрөгийн цалин авдаг. Сая Засгийн газрын шийдвэрээр 5 саяас дээш төгрөгийн цалинтай хүмүүсийн цалингийн  30 хувийг хасах шийдвэр гаргасан” хэмээн хариуллаа.

Б.Заяа

Связанные новости