Дэлхий дахины өр 50 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-03-07 12:37:09

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 7 /Anadolu/. Дэлхий дахины өр сүүлийн 10 жилийн хугацаанд 50 орчим хувиар нэмэгдсэнээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБөсөлтөөс /46 хувь/ давсан байна. 


Тодруулбал, 2015 оны сүүлчээс 2024 оныг эцэс хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудын өр 49.2 хувиар өсөж, 213.3 их наяд ам.доллароос 318.4 их наяд ам.долларт хүрч, 105 их наяд ам.доллароор өссөн тухай Олон улсын санхүүгийн хүрээлэнгээс /IIF/ мэдээлжээ.


Харин сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн ДНБ ойролцоогоор 35 их наяд ам.доллароор нэмэгдэж, 110 их наяд ам.долларт хүрснийг Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээлэл харуулж байна. Өөрөөр хэлбэл, өрийн хэмжээ  дэлхийн ДНБ-ээс гурав дахин илүү байна. 


Мөн 10 жилийн хугацаанд өрхийн өр 50 хувиар өсөж 60.1 их наяд ам.доллар, санхүүгийн бус компаниудын өр 45 хувиар өсөж, 91.3 их наяд ам.долларт хүрчээ. Харин санхүүгийн компаниудын өр 33.4 хувиар буюу өсөж, нийт 71.4 их наяд долларт хүрсэн байна.


Харин Засгийн газрын өр 67.7 хувиар өсөж, 2015 оны эцэст 56.8 их наяд ам.доллар байсан бол 2024 оны эцэс гэхэд 95.3 их наяд ам.доллар болж өсжээ. Тэгвэл хөгжингүй орнуудын өр 2024 оны эцсийн байдлаар 34.3 хувиар өсөж 214.3 их наяд ам.долларт хүрсэн бол хөгжиж буй орнуудын өр 92.7 хувиар өсч 103.7 их наяд ам.долларт хүрсэн байна.


ДНБ-ий хувьд хөгжингүй орнуудынх 41.7 хувиар өссөн бол хөгжиж буй орнуудынх 53.2 хувиар өсжээ. 


ОУВС-гийн мэдээлснээр 2020 онд дэлхийн ДНБ өмнөх оныхоос 2.5 хувиар буурсан бол дэлхийн өр мөн хугацаанд 13 хувиар нэмэгдэж, 291.2 их наяд долларт хүрсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны нэгдүгээр сард цар тахлын улмаас онц байдал зарласнаас хойш дэлхийн өр 258.4 их наяд ам.доллароос 318.4 их наяд ам.доллар болж 23.2 хувиар нэмэгджээ.


Мөн хугацаанд дэлхийн ДНБ 26 орчим хувиар өссөнийг ОУВС-гийн тоо баримт харуулж байна. Энэ хугацаанд дэлхийн худалдаа мөн нэмэгдэж, ойролцоогоор 16 их наяд ам.доллароос 33 их наяд доллар болж хоёр дахин нэмэгджээ.


АНУ-ын нийт өр 2024 оны эцэст 97.83 их наяд ам.долларт хүрч, сүүлийн арван жилийн хугацаанд 62.5 хувиар өссөн байна. Энэ нь АНУ дэлхийн нийт өрийн гуравны нэг нь ногдож байна гэсэн үг. Мөн хугацаанд дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын ДНБ 58.4 хувиар өссөн нь өрийн өсөлтөөс доогуур байна.


Еврогийн бүсийн хувьд нийт өр 2024 оны эцэс гэхэд 22 хувиар нэмэгдэж, 54.5 их наяд ам.долларт хүрчээ. Тус бүсийн эдийн засаг 10 жилийн хугацаанд 38.5 хувиар тэлж, өрийн хэмжээнээс илүү хурдацтай өссөн байна. Харин Их Британийн өр сүүлийн арван жилд 12.5 хувиар өссөн бол ДНБ 22.5 хувиар өсжээ.


ОХУ-ын өр 2024 оны эцсийн байдлаар 2.6 их наяд ам.долларт хүрч, 67.7 хувиар өссөн бол эдийн засаг нь 60.3 хувиар тэлсэн байна. Хятадын өрийн хэмжээ мөн хугацаанд 123.4 хувиар өсөж, 62.4 их наяд ам.долларт хүрсэн бол ДНБ нь 64.5 хувиар өссөн нь өрийн өсөлтийн тал орчим хувьтай тэнцэж байна.

 


Связанные новости