“Самсунг Электроникс”-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ, 2025 оны гуравдугаар сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” болон тус компанийн хамгийн том үйлдвэрчний эвлэл 2025 оны цалингийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж, цалингийн хэмжээг 5.1 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан
гаргаас эхлэн зургаан өдрийн турш явуулсан санал хураалтын дүнг харгалзан “Самсунг Электроникс”-ын үйлдвэрчний эвлэл /NSEU/ өнгөрсөн сард компанийн удирдлага болон ажилтнуудын хооронд байгуулсан
урьдчилсан хэлэлцээрийг баталсан
байна.
Санал хураалтад оролцсон 22 132 ажилтны 87.7 хувь нь цалин хөлсний тухай хэлэлцээрийг дэмжсэн гэж NSEU мэдээлжээ. Гэрээний дагуу ажилтнуудын цалин дунджаар 5.1
хувиар нэмэгдэж, бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд урамшууллын оноо
цуглуулж, ажилтан тус бүр 30 хувьцаа авах эрхтэй болох ажээ.
Өнгөрсөн нэг жилийн
турш хоёр тал цалингийн тохиролцоонд хүрч чадахгүй байсны эцэст ийм тохиролцоонд хүрсэн байна. NSEU нь 36 мянга орчим ажилтныг
төлөөлдөг нь
компанийн нийт ажиллах хүчний 30 орчим хувийг эзэлдэг. Хэлэлцээ гацсаны улмаас уг
эвлэл өнгөрсөн онд “Самсунг
Электроникс”-ын түүхэн дэх анхны ажил хаялтыг зохион байгуулж байв.
"Энэхүү гэрээ нь ажилтнууд болон удирдлага хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх эргэлтийн цэг болж байна. Бид өрсөлдөх чадвараа бэхжүүлэхийн тулд хамтарсан хүчин чармайлт гаргах болно" гэж "Самсунг Электроникс"-ын дэд ерөнхийлөгч Чой Ван Ву мэдэгджээ.