Шон Манди:Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк, Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Дэлхийн Банкны дэмжлэгээр олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Өнөөдөр Монгобанкинд хөтөлбөрийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх ажлын хэсгийн уулзалт боллоо. Уулзалтад Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Дэлхийн банкны Санхүүгийн боловсрол хариуцсан олон улсын зөвлөх Шон Манди, Зигфрид Зител болон ажлын хэсгийн гишүүд оролцов.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр” маш ажилттай хэрэгжиж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиудад санхүүгийн мэдлэг олгох хөтөлбөрийг тусгаснаар улсын хэмжээнд нийт 1000 гаруй багш арга зүйн сургалтад хамрагдсан. Мөн хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 2 мянга гаруй сурагч “Бизнес судлал” хичээлийг судалж байна. Мөн “Залуу үед санхүүгийн мэдлэг олгох” зорилтын хүрээнд “Хувь хүний санхүү” сэдэвт хичээлийг бүх их, дээд сургуулийн хөтөлбөрт тусгаснаар заах арга зүй, гарын авлагыг боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд одоогоор МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран ажиллаж байна" хэмээн онцлов.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын орон нутаг дахь салбаруудтай хамтран ажиллахыг зорьж буй аж. Мөн олон нийтэд санхүүгийн мэдлэг олгох цахим хуудсыг нээн ажиллуулах бэлтгэл ажил хангаж байгааг албаныхан хэллээ.
Дэлхийн банкны зөвлөхүүд Монгол Улс олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр богино хугацаанд өндөр амжилт гаргасныг онцлоод, цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хамрах хүрээг тэлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Б.Заяа