Тбилисид болсон цуглааны үеэр Орос, Америкийн иргэдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-05-13 16:06:19

ТБИЛИСИ, 2024 оны тавдугаар сарын 13 /ТАСС/. “Гадаадын агент”-ийн тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр Гүржийн Дотоод хэргийн яамны ажилтнууд 20 хүнийг баривчилсны дотор ОХУ-ын нэг, АНУ-ын хоёр иргэн байна.


Оросын иргэнийг баривчилсан талаар Тбилиси хот дахь Швейцарийн ЭСЯ-нд, Америкийн иргэдийг баривчилсан талаар АНУ-ын дипломат төлөөлөгчийн газарт тус тус мэдэгдсэн болохыг Гүржийн ДХЯ-наас мэдээлжээ.


Гадаадын агентын тухай хуулийг эсэргүүцэгчид ням гарагт ээлжит жагсаал цуглаанаа зохион байгуулж, Руставелийн өргөн чөлөөн дэх парламентын байрны гадна цугларчээ. Парламентын хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаанаар дээрх хуулийн төслийг гурав дахь удаагаа хэлэлцэхэд саад учруулахын тулд жагсагчид өглөөг хүртэл парламентын гишүүдийг хүлээжээ. Харин даваа гаргийн өглөө цагдаа нар тэднийг парламентын байрны гол хаалгануудын дэргэдээс хөөж явуулсан байна. Үүний дараа байнгын хороо гурав дахь хэлэлцүүлгээрээ хуулийн төслийг дэмжсэн ажээ.


Сануулан дурдахад, 5 дугаар сарын 1-ний өдөр Гүржийн парламент “Гадаадын нөлөөний ил тод байдлын тухай” хуулийн төслийг хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээр дэмжсэн байна. Харин үүнийг Ерөнхийлөгч С.Зурабишвили, сөрөг хүчнийхэн болон барууны орнуудын дипломатчид эсэргүүцэж, уг хуулийг батлах нь Гүрж улс Европын Холбоонд нэгдэхэд саад  учруулна гэж дүгнэжээ. Ерөнхийлөгч С.Зурбишвили “гурав дахь удаагийн хэлэлцүүлгээр хуулийн төслийг баталсан тохиолдолд түүнд хориг тавина” гэдгээ мэдэгдсэн байна.


4 дүгээр сарын 15-наас эхлэн Гүржийн сөрөг хүчнийхэн ба иргэний хөдөлгөөний идэвхтэнүүд “Гадаадын агент”-ийн тухай хуулийг батлахыг эсэргүүцэн жагсаал цуглаан хийсээр байгаа юм. Эсэргүүцлийн ажиллагаа хэд хэдэн удаа үймээн болон хувирч, цагдаа нар нулимс асгаруулагч хий, ус шүршигч хэрэглэн парламентын ордны орчмоос жагсагчдыг хөөн тарааж байв. 

Связанные новости