Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-05-02 16:27:59

СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 2 /KBS/. 2022 оны намар Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон эмгэнэлт явдлыг шинээр мөрдөн шалгах хуулийн төслийг Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей /парламент/ өнөөдөр баталжээ.


Санал хураалтад 259 гишүүн оролцсоноос 256 нь хуулийн төслийг батлахыг дэмжиж, гурван гишүүн түдгэлзжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн "Ардын хүч" нам болон гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /Тобуро/ уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулах талаар өмнө нь зөвшилцөлд хүрсэн байна. Тодруулбал, хэргийг мөрдөн шалгах ажлыг хариуцаж буй хорооны ажиллах хугацаа, мөн мөрдөн шалгах аргатай холбоотой өөрчлөлтийг хуулийн төсөлд оруулахаар болжээ. Лхагва гарагт талууд шинэчилсэн баримт бичгийг пүрэв гаргийн хуралдаанд өргөн мэдүүлэхээр тохиролцсон байна.  Шинэчилсэн хувилбарт зааснаар, тус хороо баривчлах зөвшөөрөл хүсэх эрхгүй байх ба ажиллах хугацааг нэг хүртэл жилээр тогтоосон боловч дахин гурван сараар сунгах боломжийг тусгажээ.

Сүнсний баярын үеэр нийслэлийн Итэвон дүүрэгт үүссэн шахцалдааны шалтгааныг мөрдөн шалгах тухай хуулийн төслийг Өмнөд Солонгосын парламент өнгөрсөн нэгдүгээр сард баталсан боловч Ерөнхийлөгч Юн Сог Ёл хориг тавьжээ. Уг эмгэнэлт явдлын үеэр 159 хүн амиа алдсан юм.

Юн Сок Ёл нам нь парламентын сонгуульд ялагдсаны дараа дөрөвдүгээр сарын 29-нд Ардчилсан намын дарга Ли Жэ Мёнтой 2022 онд тангараг өргөснөөсөө хойш анх удаа уулзсан байна. Уулзалтын үеэр сөрөг хүчний намын дарга мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төсөлд саад учруулахгүй байхыг Ерөнхийлөгчөөс хүсжээ.
Связанные новости