Монгол-Вьетнамын хоорондох худалдааны эргэлт 130 сая ам.долларт хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-24 17:11:26

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол-Вьетнам улсын бизнес уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д боллоо. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхимаас хамтран зохион байгуулсан уулзалтад Вьетнам улсаас банк, санхүү, барилга, ХАА, экологи, аялал жуулчлалын салбарын 15 компанийн төлөөлөл ирж оролцлоо.


Монголын талаас хоёр орны хооронд шууд нислэг үйлдэж буй иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвиз” компани, Вьетнам улсаас сонирхож буй махны экспортод оролцох “Булган мах маркет” зэрэг мах боловсруулах компаниудын төлөөлөл, 22 ААН-ийн 30 гаруй төлөөлөл оролцож, Вьетнамын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах талаар ярилцлаа.


Энэ жилийн бизнес уулзалтын онцлог гэвэл, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж, хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт, харилцааны давтамж ихсэж байгааг МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Магнайбаатар хэллээ. Уулзалтуудаас үр дүн гарч байгааг тэрбээр өнөөдрийн уулзалтын үеэр Монгол Улсын санхүү, даатгалын “Амар” компани Вьетнамын даатгалын “Hanoi Re” компанитай урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан гарын үсэг зурж буй жишээг дурдлаа.


Энэ талаар “Амар даатгал” компанийн гүйцэтгэх захирал Т.Батзулаас тодруулбал, бид хоёр улсын хооронд зорчиж буй иргэд, бизнес эрхлэгч нар болон ачаа, тээврийн бүх үйл ажиллагаанд даатгагчаар оролцож хамтран ажиллахаар болж байна.

Жишээ нь, өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд Монголоос Вьетнамд 6 мянган иргэн зорчсон. Энэ нь хоёр улсын хооронд иргэд визгүй зорчих болсон, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж байгаагийн үр дүн юм гэв.

Тэрбээр даатгалын үйл ажиллагааг технологид суурилсан цахим платформоор гүйцэтгэх талаар Вьетнамын талтай хамтран ажиллана. Бидэнтэй хамтран ажиллах гэж буй Вьетнамын “Hanoi Re” нь улсдаа томоохонд орох, давхар даатгалын компани юм гэдгийг тодотголоо.


Бизнес уулзалт дээр хоёр орны худалдааны эргэлт 130 сая ам.долларт хүрээд буйг БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам мэдээллээ. Түүнээс хоёр орны хамтын ажиллагааны талаар тодруулав.


-Хоёр орны худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж байна. Цаашид улам өсгөхөд юунд анхаарах хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

-Юуны өмнө хоёр орны хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд бизнес уулзалтууд чухал хувь нэмэр болж буйг хэлэх нь зүйтэй. Монгол-Вьетнамын бизнес уулзалтуудаас дурдвал 2022 онд Монгол Улсад болсон, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Вьетнамд улсад хийсэн айлчлалын үеэр болсон бизнес форумын үр дүн гарч байгаад таатай байна. Гол нь уулзалтууд дээр хоёр орны бизнес эрхлэгч нар харилцан мэдээлэл солилцож, хоёр талын хэрэгцээ шаардлагаа ярилцаж, үүн дээрээ үндэслэн цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.


-Танай улсаас Монгол Улстай ямар салбарын худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлж нэмэгдүүлэх саналтай байдаг вэ?

-Бусад улс оронтой харьцуулахад манай зах зээл жижигхэн. Гэхдээ 100 сая гаруй хүн амтай манай улсыг жижигхэн орон гэхгүй байх. Манай улсын хувьд Монголоос эхний ээлжинд мах, махан бүтээгдэхүүн авах сонирхол их, хэрэгцээ өндөр байдаг. Мөн малын ясыг нунтаглаж боловсруулаад малын тэжээл хийж, газар тариаланд бордоо болгох боломжтой байдаг.


Түүнчлэн Монгол Улсаас нүүрс, арьс шир импортоор авах, цахилгаан автомашины үйлдвэрлэлд чухал хэрэгцээтэй зэс, цайр, хөнгөн цагаан зэрэг газрын ховор элемент авах сонирхол өндөр байгаа. Монгол-Вьетнамын хоорондох хамтын ажиллагааг өргөжүүлэхэд мөн тээврийн салбарын хөгжил, шууд нислэг нээсэн нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэв.

Тэрбээр, Вьетнамын ШУА-ийн судлаач эрдэмтэд Монголд ирж эмийн ургамал судалсныг дурдаж, 3000 орчим эмийн ургамлын бүтээгдэхүүн хийх боломжтой байгааг нэмж хэллээ. “Өнөөдөр бидний хамтын ажиллагаа банк, санхүү, даатгалын салбараар нэмэгдэн өргөжиж хоёр орны даатгалын компаниуд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна” гэв.


Нэмж мэдээлэхэд, Монгол Улсаас Вьетнам улс руу 5 сая ам.долларын экспорт хийж байгаагаас ноос, ноолуур, ХАА-н гаралтай түүхий эд, жонш голлон гаргадаг бол Вьетнам улсаас манайд газрын тос, цагаан будаа, самар, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 115 сая орчим ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлж байна. 

Связанные новости