Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд олимпын хоёр эрх авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-20 09:00:47

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Олимпын эрх олгох чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо үргэлжилж байна.


Өчигдөр эрэгтэйчүүдийн барилдаан болж манай улс хоёр эрх авлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ Хятадын тамирчин Зушен Линийг ялснаар Парисыг зорих эрхтэй болов. Тэрбээр их шөвөгт үлдэх хариуцлагатай барилдаанд Йорданы бөхийг хожсон байдаг.


Тэгвэл 125 кг-ын жинд гавьяат тамирчин М.Лхагвагэрэл дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Хятадын Дин Живэйг 2:0-ээр ялснаар Парисыг зорих эрхийг мөн өвөртөллөө. Түүний хувьд Дин Живэйтэй өмнө нь дэлхийн аваргын дэвжээнд таарч ялагдаж байв.


М.Лхагвагэрэл барилдааны дараа сэтгэгдлээ хуваалцахдаа, “Маш их баяртай байна. Чөлөөт бөхөд дуртай болохоороо хичээллэсэн. Олимпод хоёр дахиа оролцох болзлоо хангаад зогсож байна гэж бодсонгүй. Улам их хичээх болно” хэмээн ярьжээ.


Харин Олимпын эрхийн төлөө барилдсан Б.Мөнх-Эрдэнэ, Г.Ганхуяг нар харамсалтайгаар эрхээ алдлаа. Эрэгтэйчүүд 57, 65, 74, 97 кг-ын жинд эрх авахын тулд ирэх сард Истанбулыг зорих хэрэгтэй болж байна. Монголын чөлөөт бөхийн холбооны журмын дагуу Истанбул руу улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн тамирчид явна.


Өнөөдөр эмэгтэйчүүд эрхийн төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д П.Орхон, 76 кг-д Э.Даваанасан нар эмэгтэйчүүдийн авсан эрхийг нэмэгдүүлэхийн төлөө барилдах юм. Барилдаан Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхэлнэ. Харин маргааш сонгомол бөхийн 60 кг-д Б.Балжинням өрсөлдөнө. 

Связанные новости