Д.Оюунсайхан: Үерт нэрвэгдсэн Умард Солонгосын хүүхдүүдэд тусламж хэрэгтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-10-04 17:21:54

ПХЕНЬЯН. /TASS/. Умард Солонгосын Хамгён-Пукто мужид болсон хүчтэй үерт нэрвэгдсэн 18 мянган хүүхдэд яаралтай тусламж хүргэх шаардлагатай байна гэж Пхеньян дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ төлөөлөгч Дэндэвноровын Оюунсайхан мэдэгдлээ.

Тус мужийн зургаан хошуу үерийн гамшигт хамгийн ихээр өртсөн байна. Д.Оюунсайханы ярьснаар, зөвхөн Мусан хошуунд гэхэд 14 мянган хүүхдэд яаралтай тусламж хэрэгтэй болжээ.

Тэрбээр өнгөрсөн 9 дүгээр сард энэ бүс нутагт очсон бөгөөд түүнд байгаа мэдээллээр, 80 гаруй хүн амиа алдсаны дотор 26 хүүхэд байна. Мусан хошууны цэвэрлэх байгууламж эвдэрсний улмаас оршин суугчид цэвэр усаар гачигдаж, ходоод гэдэсний замын өвчин тархах эрсдэл бий боллоо гэж Пхеньян дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнууд санаа зовниж байгаа юм.

Энэ хүнд цаг үед БНАСАУ-ын засгийн газар гамшгийн уршгийг арилгахын тулд яаралтай арга хэмжээ авсаар байна. Солонгосын Ардын армийн цэргүүд голдуу 200 мянга орчим хүн цахилгаан дамжуулах шугам, төмөр зам, засмал замыг сэргээн босгох ажилд оролцож байгаа ажээ.

Пхеньян дахь ЮНИСЕФ-ийн Төлөөлөгчийн газрын тооцоолсноор, үерт нэрвэгдсэн Хамгён-Пукто мужийн хүүхдүүдэд тус байгууллагын шугамаар тусламж үзүүлэхэд 9,5 сая доллар шаардлагатай байна. Д.Оюунсайханы хэлснээр, НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн Төв сангаас 1 сая доллар, Шведийн засгийн газраас 500 мянган долларыг тусламж болгон шилжүүлээд байгаа аж.

Х.Сарнай   

 

Связанные новости