ОУОХ-ын ерөнхийлөгчийг Грекийн хотод сонгож байхыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-06 15:19:18

АФИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 6 /ТАСС/. Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ дараа дараагийн ерөнхийлөгч нарыг Эртний Олимп хотод сонгож байгаасай гэж Грекийн тал хүсэж байна. Энэ тухай баасан гарагт гаргасан Грекийн Үндэсний Олимпын хорооны мэдээлэлд дурджээ.


Олимпын тоглолт 2800 жилийн өмнөөс эхлэлтэй гэдгийг хэн бүхэнд сануулж байхын тулд ерөнхийлөгчийг сонгох санал хураалт 8 эсвэл 12 жил тутамд Эртний Олимп хотод болж байгаасай гэж би мөрөөддөг, ийм боломж бий гэж ОУОХ-ны гишүүн бөгөөд Грекийн ҮОХ-ны Ерөнхийлөгч Спирос Капралос "Франс Пресс" агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.


ОУОХ-ны одоогийн ерөнхийлөгч Томас Бахын бүрэн эрхийн хугацаа 2025 оны 3 дугаар сард дуусах бөгөөд дараагийн ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг Грект зохион байгуулах юм.


Мөн уламжлал ёсоор Эртний Олимп хотноо 2024 оны Олимпын тоглолтын галыг асаах ёслол энэ сарын 16-ны өдөр болох гэж байна.  Дараа нь 26-ны өдөр, Олимпын галыг Парисын Олимпыг зохион байгуулагчдад буухиалан дамжуулах ёслолыг 1896 онд орчин үеийн анхны Олимпын тоглолт болж байсан Афин хот дахь цагаан гантиган “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Энэ ёслолд Франц, Грек төдийгүй Европ тив, дэлхийд хүндлэгддэг Грекийн дуучин эмэгтэй Нана Мускури-г урьжээ.


НҮБ-ын Хүүхдийн сангийн элч тэрбээр 1994-1999 онд Грекээс Европын парламентад сонгогдон ажиллаж байв. 

Связанные новости