ДАРХАН-УУЛ: Газар тариалангийн салбарын онол, үйлдвэрлэлийн бага хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-28 20:25:00

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц шийдэл онол, үйлдвэрлэлийн бага хурал энэ сарын 27-нд Дархан хотод боллоо.


Бага хурлыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө аж ахуй” төсөл хамтран зохион байгуулав.




Хурлын эхэнд Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого, шийдвэр хэрхэн ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.




Хуралд оролцогч тариаланчид цаг үеийн сэдвийн дагуу гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар, гурилын үнийн талаар санал, бодлоо хэллээ.


Тухайлбал мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурил зэргийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Энэ нь Монгол Улсын тариалан эрхлэлт болон гурилын үйлдвэрлэл гэсэн хоёр салбарыг татан унагаж, дахин сэргэх боломжгүй болгох эрсдэл үүсэх бодит нөхцөлтэй холбон тайлбарлаж байлаа.




Тиймээс хуулийн төслийг хэлэлцэх явцад газар тариалангийн салбарын бүх төлөөлөлтэй уулзаж, саналыг нь тусгах, хаврын тариалалтаас өмнө төрөөс газар тариалан эрхлэгчдээ хамгаалах, дэмжих бодлогоо тодорхой болгож, танилцуулах шаардлагатай гэдгийг илэрхийлэв.




Онол, үйлдвэрлэлийн бага хурлын төгсгөлд зөвлөмжийн төслийг танилцуулж оролцогч бүрийн саналыг тусган авчээ. Ингэхдээ бодлого санхүүгийн дэмжлэг, технологийн түвшин, газар тариалангийн салбарын боловсон хүчин, эрдэм шинжилгээ судалгааны цар хүрээ, чадавхыг сайжруулах, тариаланчдын анхаарах зүйл зэрэг дөрвөн чиглэлд боловсруулалт хийжээ.


Бага хурлын төгсгөлд газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутагт малчин, тариаланчид маргалдаад суух бус аль аль нь зэрэгцэн хөгжих ёстойг байнгын хорооны дарга онцлон дурдав.

Связанные новости