БАЯН-ӨЛГИЙ: Цэнгэл-Улаанхус сум чиглэлийн 23.13 км авто замын шав тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-23 17:37:14

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 22-ны өдрөөс Баян-Өлгий аймагт ажиллалаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, аймгийн Засаг дарга А.Камелият нар өнөөдөр Цэнгэл суманд ажиллаж, Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл чиглэлийн 89.13 км хатуу хучилттай авто замын шав тавих ёслолын үйл ажиллагаанд оролцов.


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн 2022 км авто замыг барина", "эдийн засгийн үр ашигтай, хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжсэн “Нутгийн зам төсөл”-ийг хэрэгжүүлнэ" хэмээн тусгасан.


“Нутгийн зам төсөл”-ийн хүрээнд улсын төсвийн 47.8 тэрбум төгрөгөөр Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл чиглэлд  89.13 км хатуу хучилттай авто зам барихаар шийдвэрлэж, тус замын бүтээн байгуулалтын эхний хэсэг болох Улаанхус-Цэнгэл чиглэлийн 23,13 км авто замын шавыг ийнхүү тавилаа. Тухайн замыг 11.7 тэрбум төгрөгөөр 2025 онд багтаан барьж ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.


Дээрх 89.13 км авто зам ашиглалтад орсноор Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай сум аймгийн төв Өлгий хоттой болон Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замтай хатуу хучилттай авто замаар холбогдох юм.  

Связанные новости