СЭЛЭНГЭ: “Бумбат таван богд” хоршоо шилдэг хоршоо болох зорилт тавьжээ
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
Сүхбаатар,
2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Жавхлант “Бумбат таван богд” хоршоо ХАА-н шилдэг хоршоо болох зорилт
тавьжээ.
Шилдэг болохын тулд гишүүдээ
сайн дурын үндсэн
дээр нэгдүүлж, тэдний эрх ашгийг хамгаалах, идэвхтэй
үйл ажиллагааг нь дэмжиж, хамтын оролцоонд
түшиглэсэн
эдийн засаг, нийгэм
соёлын хөгжлийг хангах том зорилго тавьсан хэмээн хоршооны
гүйцэтгэх захирал Л.Лувсан ярилаа.
Тус хоршоо сүүний үйлдвэр,
цагаан идээ боловсруулах, мал, мах, түүхий эд бэлтгэл,
газар тариалан, аялал жуулчлал, ноос, ноолуур,
арьс шир, ногоо, зөгийн бал гээд маш олон чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулдаг байна.
Эднийх 2017 оноос “Тесо”
корпорацийн
“Милко” ХХК-д сүү
нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Хоршооны гүйцэтгэх захирал Л.Лувсан
431 гишүүнийхээ хөлс хүч шингэсэн бүтээгдэхүүнийг цуглуулж тээвэрлэн борлуулж,
урамшууллыг нь авч өгдөг аж. Ингэж хоршоодын гишүүдээсээ сүүний таталт хийж,
зундаа 260 тн сүү нийлүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлж, сүүлийн
гурван жилийн байдлаар 200 сая төгрөгийн орлоготой ажиллажээ.
Түүнчлэн хоршооны гишүүдээ
сургалтад хамруулж хөгжүүлэх, урамшуулж идэвхжүүлэх ажлыг байнга хийдэг
байна.
Өнөөдөр тус хоршоо бүтээгдэхүүнээ
нийлүүлэх агуулахтай, тэжээл тарих газартай болсон бөгөөд цаашид малын ашиг шимийг
улам нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэв.
“Бумбат таван богд”
хоршоо 2018 оноос монгол уламжлалаа дэлгэрүүлэх, хойч үедээ таниулах, өвлүүлэх ажлыг
зохион байгуулж байна.
Тухайлбал аймгийн ХХААГ-тай
хамтран цагаан эсгийний баярыг хоёр жилд нэг удаа сумандаа хийж хэвшжээ. Уламжлал болсон энэхүү баярт 12 бүлгийн 330 гишүүн монгол уламжлалт цагаан эсгий хийх ажилд тогтмол оролцдог байна.
Анх эднийх 2012 онд нэг сая
төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж
байсан бол өнөөдөр 431 гишүүнтэй үндсэн 4, гэрээт 12 ажилтантай болон өсөн дэвжжээ.