Өмнөд Каролинагийн анхан шатны сонгуульд Ж.Байден ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 4 /AP/. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах анхан шатны сонгууль Өмнөд Каролина муж улсад бямба гарагт боллоо.
Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшигчийг тодруулах намын их хуралд оролцох Өмнөд Каролинагийн төлөөлөгчид нэр дэвшигчдийн хэнийг нь дэмжих вэ гэдэг нь сунгааны дүнгээс шалтгаалах бөгөөд тус муж улсын 55 төлөөлөгчийн саналыг анхан шатны сонгуулийн дүнд үндэслэн хуваарилна.
Санал хураалтын урьдчилсан дүнгээр сонгогчдын 97 хувь нь АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Ж.Байденыг дэмжжээ. Түүний өрсөлдөгчид болох Конгрессын гишүүн Дин Филлипс, зохиолч Марианн Уильямсон нар хоёр хувийн босгыг давж чадаагүй байна.
Намын их хурал наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Иллинойс муж улсын Чикаго хотод болох бөгөөд Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд өрсөлдөгчид их хурлын эхний шатны санал хураалтаар 1968 төлөөлөгчийн саналыг авах ёстой.
АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно.