Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид Азийн цомын хагас шигшээд шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-02-03 14:02:51

ДОХА, 2024 оны хоёрдугаар сарын 3 /qna/. Австрали, Өмнөд Солонгосын шигшээ багуудын учраа таарсан Азийн цомын тэмцээний 1/4 шигшээгийн тоглолт баасан гарагт боллоо. Тоглолт Катарын Аль-Вакрах хотын "Эль-Жануб" цэнгэлдэх хүрээлэнд болж, Өмнөд Солонгосын баг нэмэлт цагт 2:1-ээр хожсон байна. 


Тоглолтын анхны гоолыг Австралийн шигшээ багийн хагас хамгаалагч Крейг Гудвин 42 дахь минутад оруулжээ. Гоолын дамжуулалтыг түүнд Натаниэл Аткинсон өгсөн байна. Өмнөд Солонгосын довтлогч Хван Хи Чан тоглолтын 90+6 дахь минутад торгуулийн цохилтоос гоолдож, тоог тэнцүүлсэн бол 104 дэх минутад довтлогч Сон Хён Мин гоол оруулснаар солонгосчууд тэмцээнийг тэргүүлж эхэлсэн байна. Эхний нэмэлт цагийн төгсгөлд Австралийн хагас хамгаалагч Эйден О’Нил улаан хуудсаар торгуулж талбайгаас хөөгдсөнөөр Австралийн баг 10 хүний бүрэлдэхүүнтэй болжээ.


Хагас шигшээд Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид Иорданы шигшээ багтай тоглоно. Тоглолт хоёрдугаар сарын 6-ны мягмар гарагт болох юм. Иорданы баг 1/4 шигшээд Тажикстаны багийг 1:0-ээр хожсон байна. Тоглолтын цорын ганц гоолыг 66 дахь минутад Тажикистаны шигшээ багийн төвийн хамгаалагч Вахдат Ханонов өөрийн хаалганд оруулжээ. Иорданы баг түүхэндээ анх удаа Азийн цомын тэмцээний хагас шигшээд шалгарч буй юм.  


Катарт болж буй хөл бөмбөгийн Азийн цомын тэмцээний аварга баг хоёрдугаар сарын 10-нд тодорно. 2019 онд АНЭУ-д болсон Азийн цомын тэмцээнд Катарын шигшээ баг түрүүлсэн юм. Тус тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн баг бол Японы шигшээ баг бөгөөд Азийн цомыг дөрвөн удаа хүртжээ.


Связанные новости