Ирак, Сири дэх Ирантай холбоотой байгууламжуудад АНУ цохилт өгч эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 3 /BBC/. Нэгдүгээр сарын 28-нд Йордан дахь "Tower 22" цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсаны хариуд АНУ-ын Зэвсэгт хүчин Ирак, Сири дэх Ираныг дэмжигч бүлэглэлүүдийн байгууламжуудад цохилт өгч эхэлжээ.
АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын (CENTCOM) мэдэгдэлд дурдсанаар, хоёрдугаар сарын 2-ны өдөр Зүүн эргийн цагаар 16:00 цагт Ирак, Сири дэх Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус (ИХГК) болон түүнтэй холбоотой зэвсэгт бүлэглэлүүдэд агаараас цохилт өгсөн байна.
Уг ажиллагаанд алсын зайн бөмбөгдөгч онгоц зэрэг олон тооны нисэх онгоц оролцож, 85 гаруй байд цохилт өгсөн байна. Агаарын цохилтын үеэр "өндөр нарийвчлалтай 125 гаруй сум хэрэгсэл" ашиглажээ. Цохилтын бай нь команд, удирдлагын төвүүд, тагнуулын төвүүд, пуужингууд, түүнчлэн нисгэгчгүй онгоц бүхий агуулахууд, зэр зэвсгийн хангамжийн сүлжээний байгууламжууд байв гэж мэдэгдэлд дурджээ.
Хэсэг хугацааны дараа Цагаан ордны цахим хуудсанд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдэл нийтлэгджээ. “Манай хариу цохилт өнөөдөр эхэлж байна. Цохилт бидний сонгосон хугацаанд, бидний сонгосон байрлалуудад үргэлжлэх болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мөн мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч Байден "АНУ болон эвслийн хүчин рүү халдсан ИХГК болон түүнтэй холбоотой зэвсэгт бүлэглүүдэд хариуцлага тооцох" арга хэмжээ авахыг тушаасан гэж мэдэгджээ.
“Америкийн цэргүүд рүү халдахыг бид тэвчихгүй. Бид АНУ, түүний ашиг сонирхол, ард иргэдийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Сиритэй залгаа Йорданы хилийн ойролцоох АНУ-ын цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсаны улмаас Америкийн гурван цэрэг амь үрэгдэж, 40 гаруй хүн шархаджээ. Ж.Байден уг халдлагад “Иранаас дэмжлэг авдаг зэвсэгт бүлэглэлүүдийг” буруутгаж, хариуг нь өгөх болно гэж мэдэгдсэн юм.
CNN сувгаар мэдэлснээр, уг халдлагыг Ираны талыг баримтлагч, Иракт байрладаг зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ хүлээжээ.
Хариу цохилт өгөх төлөвлөгөөг Ерөнхийлөгч Жо Байден баталсан бөгөөд хамгийн тохиромжтой үед (цаг агаарын нөхцөл байдлын хувьд үзэгдэх орчин сайн байх үед) хэрэгжүүлнэ гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эх сурвалжуудыг эш татан урьд нь мэдээлсэн юм.