Н.Хейли өрсөлдөөнөөс гарахгүй гэдгээ мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-02 10:48:05

НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 2 /CNN/. АНУ-ыг төлөөлөн НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр сууж байсан Никки Хейли хоёрдугаар сарын 24-нд Өмнөд Каролинад болох Бүгд найрамдах намын /БНН/ анхан шатны сонгуулийн дүн ямар гарахаас үл шалтгаалан сунгаанд үргэлжлүүлэн оролцоно гэдгээ пүрэв гарагт мэдэгдлээ.


Тэрбээр 2011-2017 онд Өмнөд Каролина муж улсын амбан захирагчаар ажиллаж байсан бөгөөд тэнд болох сунгаанд ялж чадаагүй тохиолдолд “супер мягмар гараг”-ийн сунгаанд оролцох эсэхийг нь түүнээс CNN асуужээ. “Супер мягмар гараг” хэмээн нэрлэгддэг, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нам дотроос тодруулах сунгаа гуравдугаар сарын 5-ны өдөр 15 муж улс болон АНУ-ын хилийн чанад дахь нутаг дэвсгэрийн статустай Самоа улсад нэгэн зэрэг болно.


“Миний зорилго бол Өмнөд Каролинад илүү сайн өрсөлдөх явдал юм. Нью-Хемпширт бид 43 хувийн санал авсан, бид Өмнөд Каролинад бүр илүү өрсөлдөх чадвартай байхыг зорьж байна. Дараа нь бид Мичиганыг (БНН-ын Мичиган дахь сунгаа хоёрдугаар сарын 27-нд болно), дараа нь “супер мягмар гараг”-ийг зорилгоо болгоно. Би ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнөөс гарахгүй, учир нь хүүхдүүдээ өөрсөд шигээ амьдруулахыг хүсэхгүй байна. Би хэний ч хүүхдүүдийг өөрсөд шигээ амьдруулмааргүй байна. Бид аль эрт бүрэн сүйрлийн байдалд ороод олон жил болж байна" гэж тэрбээр CNN-ийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ.


Бизнес эрхлэгч Вивек Рамасвами, Нью-Жерси муж улсын захирагч асан Крис Кристи, Арканзас муж улсын захирагч асан Аса Хатчинсон, Флорида муж улсын захирагч Рон Десантис нар БНН-ын сунгаанаас нэрээ татсаны дараа Н.Хейли Ерөнхийлөгч асан Д.Трампын гол өрсөлдөгч болоод байгаа юм. В.Рамасвами, Р.Десантис нар Д.Трампыг, А.Хатчинсон Хэйлиг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн билээ. 

Связанные новости