Хилийн бүсэд цохилт өгсөн тухайд тайлбар хийхийг Пакистанаас шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-18 16:11:11

ДУБАЙ, 2024 оны нэгдүгээр сарын 18 /ТАSS/. Пакистаны Агаарын цэргийн хүчин Ираны нутаг дэвсгэр дэх байд цохилт өгсөнтэй холбогдуулан тайлбар хийхийг Ираны эрх баригчид Пакистан улсаас шаарджээ. 


Энэ тухай Ираны аюулгүй байдлын хүчний төлөөлөгч мэдээлснийг Press TV сувгаар уламжлав.


Төлөөлөгчийн хэлснээр “хил орчмын Систан, Балужистан суурингуудад өгсөн пуужингийн цохилтын талаар нэн даруй тайлбар хийхийг Иран улс Пакистанаас шаардсан байна.


Пакистаны арми терроризмтой тэмцэх ажиллагаа явуулж, Ираны Систан, Белужистан муж дахь террористуудын нуугдаж байсан газруудад цохилт өгсөн гэж Пакистаны Гадаад хэргийн яам урьд нь мэдээлж байсан юм. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Пакистаны цохилтын улмаас гурван эмэгтэй, дөрвөн хүүхэд амиа алдсан бөгөөд бүгд гадаадын иргэд байжээ.


Ираны Зэвсэгт хүчин Пакистаны нутаг дэвсгэрт байрлах "Жейш аль-Золм" террорист бүлэглэлийн хоёр гол байрлалд цохилт өгсөн тухай Ираны "Тасним" агентлаг нэгдүгээр сарын 16-нд мэдээлсэн юм. Уг ажиллагааг явуулахад нисгэгчгүй онгоц, пуужин ашигласан байна. Пакистаны Гадаад хэргийн яам цохилтыг буруушааж, агаарын хилийг зөрчсөн нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэж мэдэгджээ. Цохилтод хоёр хүүхэд өртөж амиа алдсан гэж тус яам мэдээлсэн байна.




Связанные новости