Ж.Байден Катарын Эмиртэй Газын зурвас дахь нөхцөл байдлын талаар ярилцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДОХА, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /VoA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Катарын эмир шейх Тамим бин Хамад Аль Танитай мягмар гарагт утсаар ярьж, Газын зурвас дахь нөхцөл байдлыг болон урт хугацаагаар гал зогсооход зуучлах хамтарсан хүчин чармайлтыг хэлэлцэв гэж Катарын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.
"Хоёр удирдагч ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа үлдсэн бүх хүнийг, тэр дундаа Америкийн иргэдийг суллахын тулд яаралтай хүчин чармайлт гаргах талаар ярилцлаа" гэж Цагаан ордон мэдэгджээ. Түүнчлэн Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр Израил, ХАМАС-ын хооронд түр гал зогсоох гэрээ байгуулахад Катар, Египет улсууд зуучилсан юм. Улмаар ХАМАС бүлэглэл эмэгтэйчүүд, хүүхдүүд, гадаадын иргэд голдуу 110 хүнийг сулласан бол Израилын шоронгоос 240 палестин эмэгтэй, өсвөр насны хүүхдүүдийг суллажээ.