НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Газын зурвасын асуудлаарх тогтоолыг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-23 09:41:41

НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 23 /BBC/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл олон хоног үргэлжилсэн хэлэлцээний дүнд Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхийг уриалсан тогтоолыг баталлаа.


Гэхдээ уг баримт бичигт нэн даруй гал зогсоохыг уриалаагүй, харин байлдааны ажиллагааг удаан хугацаанд зогсоох нөхцөлийг бүрдүүлэхийг уриалсан байна.


Аюулгүйн Зөвлөлийн 13 гишүүн тогтоолын төслийг батлахыг дэмжсэн бол АНУ, ОХУ тодорхой шалтгааны улмаас түдгэлзжээ.


Тогтоолыг боловсруулсан АНЭУ-ын зүгээс уг баримт бичгийг төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тусламжийн агентлагуудын анхааруулж байгаачлан Газын зурваст өлсгөлөн нүүрлэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон байна.


Мөргөлдөөнд оролцогч талууд тогтоолын талаар ямар байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд талуудын алинд нь ч бүрэн дүүрэн таалагдаагүй бололтой.


Палестинаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд Рияд Мансур энэхүү тогтоолыг зөв чиглэлд хийсэн алхам гэж хэлсэн боловч нэн даруй гал зогсоохыг тэрбээр дахин уриалсан байна.


ХАМАС бүлэглэлийнхний хувьд энэ тогтоолыг Газын зурвасын хэрэгцээг хангахад хангалтгүй алхам гэж нэрлээд, АНУ тогтоолын мөн чанарыг алдагдуулахын тулд шаргуу ажиллалаа” гэж мэдэгджээ.


НҮБ-д суугаа Израилын Элчин сайд хэлэхдээ, хүмүүнлэгийн тусламжид гол анхаарлаа хандуулж байгаа нь шаардлагагүй бөгөөд бодит байдлаас хол зөрүүтэй үйлдэл болж байна” хэмээн Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг шүүмжилсэн байна.


Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хувьд, Израилын цэргийн довтолгооны арга барил нь Газын зурваст тусламж түгээхэд гол саад тотгор болж байгааг тэмдэглэжээ. 

Связанные новости