Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-20 16:34:10

БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй Бээжин хотноо лхагва гарагт уулзав.


Энэ үеэр Ши Жиньпин он гарснаас хойш Ерөнхийлөгч Путинтэй хоёр удаа уулзсанаа онцлон тэмдэглээд, хоёр орны засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, бүс нутгууд нягт хамтран ажиллаж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа эрүүл, тогтвортой хөгжиж байна гэв.


Энэ оны эхний 11 сарын хугацаанд Хятад-Оросын худалдааны эргэлт хоёр улсын төрийн тэргүүн нарын хамтран тогтоосон хэмжээ болох 200 тэрбум ам.долларт хүрсэн нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг харууллаа гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэлээ.


Хятад, Оросын харилцааг хадгалж, хөгжүүлэх нь хоёр талын ард түмний язгуур ашиг сонирхолд суурилсан стратегийн сонголт мөн гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлэв.


Оросын ард түмэн өөрийн сонгосон хөгжлийн замаар замнахыг Хятад улс дэмжиж байна гэж Ши Жиньпин хэлээд, ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой нь улс төрийн дээд түвшний харилцааг тасралтгүй өргөжүүлэхийн зэрэгцээ эдийн засаг, нийгмийн хөгжлийг цогцоор нь ахиулж, үндэсний сэргэлтийг хэрэгжүүлэх үйл явцад хамтдаа урагшлах шинэ эхлэл болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 

Связанные новости