Хүний дотоод ертөнцийн бичээч гэгддэг зохиолч П.Лувсанцэрэнгийн мэндэлсний 90 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-15 13:24:07
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. "Ус шиг цэнхэр", "Нурамтын өвөрт", "Нар шингээгүй", "Хандмаа" зэрэг өгүүллэг, "Усны эргүүлэг буюу Борзооны явдал", "Хөдөөгийн дуун" туужаараа Монголын үргэлжилсэн үгийн уран зохиолд нэр, мөрөө тод үлдээсэн зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна.


Зохиолч П.Лувсанцэрэн нь 1933 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, бага сургууль, Мал эмнэлгийн сургууль төгсөж орон нутагт цөөнгүй жил ажиллах үедээ уран зохиол, орчуулгын ажлаа эхэлжээ. Улмаар Төмөр замын техникумын багш, "Энх тайван социализмын асуудал" сэтгүүлд орчууулагчаар ажиллаж, 1967 онд Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн уран бүтээлч юм. Түүний уран бүтээл нь "Нар шингээгүй", "Оддын дор", "Хаврын шувуу", "Усны эргүүлэг буюу Борзооны явдал" ном болж хэвлэгдсэн. П.Лувсанцэрэн нь зохиолч төдийгүй орчуулагч хүн байсан бөгөөд Шолом-Алейхемийн "Мотл хүү", Нацумэ Сосэкийн "Жаал хүү" зэрэг номыг орос хэлнээс орчуулж олны хүртээл болгожээ.


М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөж ирээд Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Залуу зохиолчдын зөвлөлийн нарийн бичгийн дарга, эрхлэгчээр ажиллаж байсан П.Лувсанцэрэн нь 1972 онд хэсэг нөхдийн хамт хуучнаар ЗХУ-д зочилж явахдаа Кавказийн нуруунд авто машины осолд орж хүнд гэмтсэний улмаас цэл залуухан 39 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.


"Пэрэнлэйн Лувсанцэрэн бол монгол аж байдлын бор бичээч, хүний дотоод ертөнцийн бичээч хүн байлаа. Тэрбээр үзэл суртлын бичээч байгаагүй юм" хэмээн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан арванхоёрдугаар сарын 12-нд болсон зохиолчийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр онцоллоо. П.Лувсанцэрэн, Т.Галсан нар нь нэг үе тэнгийн төдийгүй нэг нутгийн гаралтай, сайн найз нөхөд байжээ.


МЗЭ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Баянбулаг нутгийн хөгжил нийгэмлэг ТББ, “Улирал ба зохиолч" сэтгүүл хамтран ГХЯ-нд зохион байгуулсан Монголын үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд Ардын багш, СГЗ, доктор, профессор Л.Дашням "П.Лувсанцэрэн Монголын уран зохиолд", доктор, дэд профессор А.Мөнх-Оргил "Өгүүллэгийн шинэчлэл-сэтгэл зүйн уянга: Пэрэнлэйн Лувсанцэрэн", доктор, профессор Б.Мөнхбаяр "Нар шингээгүй", СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана "П.Лувсанцэрэнгийн шилдэг дөрвөн өгүүлллэгийн тухайд" зэрэг илтгэлийг хэлэлцүүлж, Ардын багш С.Дулам, Ардын уран зохиолч Б.Догмид, СГЗ, яруу найрагч, “Улирал ба зохиолч" сэтгүүлийн эрхлэгч Дан.Нямаа, сэтгүүлч Б.Эрдэнэбаатар зэрэг олон хүн үг хэлж, санаа бодлоо хуваалцлаа.


Доктор Б.Мөнхбаяр "П.Лувсанцэрэн бол уран бүтээлээрээ нэгдүгээрт, цаг үеийн нийгэм, улс төрийн ерөнхий чиг шугам, бодлогод захирагдалгүй хүний сэтгэл, уянгын мөн чанарыг дүрслэн үзүүлсэн зохиолч. Хоёрдугаарт, гоо зүй, уран сайхны үнэ цэн, үнэлэмж бүхий өгүүллэг туурвихын жишээ болсон зохиолч юм" гэсэн бол доктор А.Мөнх-Оргил, манай уран зохиол дахь сэтгэл зүйн төрлийн нэг уран чадвартан нь П.Лувсанцэрэн. Харамсалтай нь уран зохиолын түүхэнд энэ хүний тухай арай л бүдгээр бичиж байна хэмээлээ.


"1972 онд харь оронд болсон нэгэн золгүй осол Монголын орчин цагийн үргэлжилсэн үгийн зохиолын арай л ондоон голдрилоор урсч мэдэх чигийг боосон санагддаг юм. 1960-аад оны үргэлжилсэн үгийн шинэ амьсгалын амин судсыг барьж эхэлсэн зохиолч П.Лувсанцэрэн, тухайн үедээ гал цогтой гарч ирсэн шүүмжлэгч Ж.Төмөр нар их утга зохиолыг орхисноос хойш багагүй хугацаа өнгөрсөн боловч, "Ус шиг цэнхэр", "Нурамтын өвөрт" зэрэг хэдэн сайхан өгүүллэг, "Хөдөөгийн дуун", "Усны эргүүлэг буюу Борзооны явдал" туужууд манай хүүрнэл зохиолыг хаа ч бүрнээ төлөөлөн чадахуйц сор бүтээлүүдийн тоонд багтсаар байна" гэж зохиолч, яруу найрагч Г.Аюурзана илтгэлдээ онцлов.


Ардын багш, зохиолч Л.Дашням П.Лувсанцэрэн агсантай Москва дахь оюутан цагийн төдийгүй уран бүтээлийн найзууд явжээ. Харин Ардын уран зохиолч Б.Догмид П.Лувсанцэрэнгийн шавь юм байна.


Зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан найз нөхөд, шавь нарын дурсамж, зохиолчийн шилдэг бүтээлийн дээжис, судлаач шүүмжлэгчдийн илтгэл өгүүлэл, зохиолчийн нутгийнхан, хамаатан садангуудын дурдатгал зэргийг багтаасан "Улирал ба зохиолч" сэтгүүлийн тусгай дугаарыг хэвлэн гаргасан байна.




Связанные новости