Г.Лхагвасүрэн: Жинхэнэ шалгуурыг японы үзэгчид дүгнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-12-14 13:54:17

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. МУЭ-ийн шагналт зураач, Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор, уран зургийн багш Г.Лхагвасүрэн шавь нартайгаа хамтарсан "Хөх Монгол" үзэсгэлэнгээ Япон Улсын Ёкохама хотын Азамино уран зургийн арт галерейд энэ сарын 26-нд дэлгэхээр болжээ. Түүнээс уг үзэсгэлэнгийн талаар тодрууллаа.


-Үзэсгэлэнгээ “Хөх Монгол” хэмээн нэрийдэх болсны учир юу вэ?

-Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоогоод хагас зуун жилийг элээж байна. Энэ хугацаанд хоёр орны соёл урлагийн харилцаа улам өргөжөөд байна. Одоогоор Монголын 10 гаруй зураач Токиод үзэсгэлэнгээ гаргаад байгаа. Соёлын харилцаа өргөжих тусам улс, ард түмний хооронд үнэ цэнтэй харилцаа үүсдэг. Үүний нэг нь бидний энэхүү үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгээ гаргах гэж сэтгэл догдолж буй ч урлаг соёлоо сурталчлах хариуцлага нэмэгдэж байна. Энэхүү үзэсгэлэнгээ “Хөх Монгол” гэж нэрлэхийн шалтгаан гэвэл нэгдүгээрт эх орноо төлөөлөн Япон улсад гаргах гэж буй агуулга, хоёрдугаарт миний хувьд судалгааны ажлаа голдуу хөх өнгөөр хийдэг. Мөн намайг тойрсон аливаа зүйлийн нэр хөх өнгөтөй холбоотой нь нөлөөлсөн. Миний шавь нар хамтран “Хөх бороо” нийгэмлэгийг байгуулсан. Тиймээс “Хөх бороо” нийгэмлэгийн уран бүтээлчид “Хөх Монгол” үзэсгэлэнгээ Япон улсад гаргах гэж байна.


-“Хөх бороо” нийгэмлэг хэзээ байгуулагдав. Хэчнээн уран бүтээлчтэй вэ? 

-Хөх бороо” нийгэмлэгийн суурь ноднин тавигдаж, энэ жил үүсгэн байгуулагдсан. Нийгэмлэгт 100 орчим шавь маань нэгдсэн. Тэр дундаа уран бүтээлээ түлхүү хийж буй 30 гаруй залуус бий. Монголын дүрслэх урлагийн салбарт өөрийн өнгө төрхтэй “Хөх бороо” нийгэмлэг байгуулагдсанаар уран бүтээлчид хамтдаа хөгжих, бие биедээ нөлөөлөхөд чухал байдаг.  

Өнгөрсөн жил 30 гаруй шавь нартайгаа хамтарсан “Тусгаар нэгдэхүй” үзэсгэлэнгээ Монгол арт галерейд дэлгэсэн. Энэ жил анхны гадаад дахь үзэсгэлэнгээ наран мандах Япон улсаас эхлүүлэх гэж буйдаа бэлгэшээж байна. 


-Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлаа хэр хангав. Нийт хэчнээн бүтээл дэлгэх вэ?

-Галерейнууд 2-3 жилийн төлөвлөгөөгөө гаргасан байдаг. Бидэнд аз завшаан тохиосон нь Азамино уран зургийн галерейд үзэсгэлэн гаргах цонх нээгдсэнд баяртай байгаа. Үзэсгэлэнгийн бүтээлүүдээ шалгаруулж, япон руу явуулаад байна. Магистр, бакалаврын түвшний гээд миний төгсгөсөн үе үеийн төгсөгчид, нэг багшийн шавь нарын гадаад дахь анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Үзэсгэлэнд 18 уран бүтээлч Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ард түмний уламжлал, ахуй амьдрал, оюун сэтгэлгээ, орчин үеийн чиг хандлагыг уран зургаар илэрхийлсэн 50 гаруй бүтээлээ дэлгэнэ. Миний хувьд нийт 10 бүтээлээрээ оролцож байгаа.


-Зураач бүр өөрийн өөрийн онцлогтой бүтээлүүдээ дэлгэх байх. Ямар зураачийн бүтээлийг онцлох вэ?

-Үзэсгэлэнгээ дэлгээд нээлтийн үеэр онцлох бүтээлийг шалгаруулан нэг уран бүтээлчид сюрприз барина. Нэлээн чамбай үзэсгэлэн гаргахаар хичээсэн учраас уран бүтээлч бүр өөрийн ур чадвараа харуулсан бүтээлүүдээ дэлгэнэ. Жинхэнэ шалгуурыг японы үзэгчид дүгнэнэ. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар миний шавь нар бие биеэсээ суралцах, гадны үзэгчдийн таашаалд хэрхэн бууж байгааг харах боломж олдож буй юм. “Юу тарина, түүнийхээ үр шимийг хүртэнэ” гэдэг. Шавь нарынхаа нүд, гартай нь ноцолдоогүй ч гэсэн зүрх сэтгэлтэй нь ноцолдсоных тэд маань хамтарч, нэгдэж, зорьж, хөдөлж, ажиллаж байгаад нь багш хүнийхээ хувьд баяртай байгаа.


-Та бүхэн дараагийн удаа хамтарсан үзэсгэлэнгээ хаана гаргахаар төлөвлөж байгаа вэ?

-Нар зөв тойрох төлөвлөгөөтэй байгаа. Дараагийн удаа БНСУ-д үзэсгэлэн гаргах ажил анхан шатны ярианы түвшинд байна. Мөн БНХАУ-д ирэх жил үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн гээд зураач бид бүтээлээ зогсолтгүй туурвих зорилготой байна. 


-Үзэсгэлэнг гурван өдрийн турш японы үзэгчид үнэ төлбөргүй үзүүлэх юм билээ. Ямар байгууллагууд дэмжин ажиллаж байна вэ?

-Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, Ито саны тэргүүлж буй Японы Урлагийн нийгэмлэг, Монгол арт галерейн урлаг судлаач, зураач Б.Болортуяа куратороор ажиллаж байгаа. Мөн Монгол Улсын Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл, МҮХАҮТ, МИАТ ХК, Монгол арт галерей тус тус дэмжигч байгууллагаар оролцож байна.













Связанные новости