Ж.Байдены импичментийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /BBC/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим импичмент буюу Ерөнхийлөгч Жо Байденд итгэл үзүүлэх эсэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шийдвэрийг албажуулах тухай тогтоолыг лхагва гаргийн орой баталлаа.
Бүгд найрамдах
намынхны /БНН/ хяналтад байдаг Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн
221 нь уг баримт бичгийг
дэмжиж, 212 нь эсэргүүцжээ. БНН-ын бүх гишүүн дэмжсэн санал өгсний
дотор өмнө нь уг шийдвэрийг эсэргүүцэж байсан Кен Бак байлаа. Харин Ардчилсан намын бүх гишүүн эсэргүүцсэн
байна.
Төлөөлөгчдийн танхимын гурван хороо Ж.Байденыг АНУ-ын дэд
ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэж
буруутгаж байна. Гэвч тэд хууль бус үйлдлийг нотлох баримтыг хараахан гаргаж
амжаагүй байгаа тул Ерөнхийлөгчийн зүгээс мэдэгдэхдээ, өрсөлдөгчид нь өөр
лүү нь худал хуурмаг зүйлээр түрий барин дайрч байна гэв.
Мөрдөн байцаалт явуулах эрх олгох санал хураалт нь импичмент зарлах эсэх асуудлаар санал өгөхтэй адил биш боловч ирэх оны эхээр Төлөөлөгчдийн танхим Ж.Байдены эсрэг импичмент зарлах магадлал өснө. Ингэснээр Төлөөлөгчдийн танхимын санал хураалт, Сенатын шүүх хуралдаанд хүргэдэг импичментийн мөрдөн шалгах ажиллагаа нь сонгуулийн жил ид дундаа орж байх тэр үед Ерөнхийлөгчийн хувьд “толгойны өвчин” болж магадгүй юм.
Ж.Байден санал хураалтын дараа мэдэгдэхдээ, улс үндэстний ба дэлхий дахины чухал асуудлуудаар шийдвэр гаргаасай гэж Америкийн ард түмэн Конгрессын удирдагчдаас хүсэж байгаа боловч тэд яаралтай хийх ёстой ажлаа орхиод баримт нотолгоогүй улс төрийн жүжигт хамаг цаг заваа үрж байна гэжээ.