Аргентины шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей тангараг өргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БУЭНОС-АЙРЕС, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /El Pais/. Аргентины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хавьер Милей ням гарагт тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслол нийслэл Буэнос-Айрес хот дахь Конгрессын ордонд болжээ.
"Би ерөнхийлөгчийн албыг үнэнч шударга, эх оронч сэтгэлээр гүйцэтгэж, Аргентины Үндсэн хуулийг үнэнч шударгаар даган мөрдөж, хэрэгжүүлэхээ тангараглаж байна" гэж тэрбээр Сенатын гишүүд, депутатуудын өмнө хэлэв. Ийнхүү тангараг өргөсний дараа танхимд цугларсан түүнийг дэмжигчид “Эрх чөлөө, эрх чөлөө, эрх чөлөө” хэмээн дуу нийлүүлэн хашгирч байлаа. Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч Альберто Фернандес Ерөнхийлөгчийн тууз, бэрээг Х.Милейд гардуулж, төрийн эрх мэдлийг шилжүүлэн өгөв. Өчигдөр мөн дэд ерөнхийлөгч Виктория Вильяруэль тангараг өргөсөн байна.
Өдгөө 52 настай, эдийн засагч мэргэжилтэй Х.Милей 11 дүгээр сарын сүүлчээр болсон ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд ялсан бөгөөд тэрбээр “Эрх чөлөө ирж байна” либертари намаас өрсөлдсөн юм. “Мини-Трамп”, “гинжин хөрөө бүхий эдийн засагч” гэгддэг Х.Милей ерөнхийлөгчийн албан тушаалыг 2027 оныг дуустал хашина.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Х.Милей ярихдаа "хэрэв төрийн тэргүүнээр сонгогдвол урьд өмнө байгаагүй улс төр, эдийн засгийн шинэчлэлийг хийж, тангараг өргөсний дараа шууд хэрэгжүүлж эхлүүлнэ" гэж амлаж байсан юм. Тухайлбал, эхлээд эдийн засгийг долларжуулах ажээ. Мөн Аргентины Соёл, боловсрол, соёлын олон талт байдлын асуудал эрхэлсэн яамыг хаана, төрөөс үзүүлдэг татаасыг зогсоох замаар төрийн зардлыг бууруулна гэж мэдэгдэж байв. Аргентин улс эдийн засгийн хүнд байдалд ороод байгаа бөгөөд инфляц 143 хувьд хүрч өсжээ.
Харин сонгуульд ялсныхаа дараа Х.Милей прагматик хандлага гаргаж эхэлсэн бөгөөд сонгуулийн хамгийн маргаантай, хэт туйлширсан амлалтуудаас татгалзаж байгаагаа мэдэгдсэнийг Латин Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцолжээ.