В.Путин ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-09 11:52:06

МОСКВА, 2023 оны арванхоёрдугаар сарын 9 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд оролцоно гэдгээ Владимир Путин баасан гарагт Кремльд болсон Эх оронч баатруудын өдөрт зориулсан ёслолын дараа мэдэгдлээ.


Төрийн тэргүүнд нэрээ дэвшүүлэх талаар Бүгд Найрамдах Донецк Ард Улсын парламентын дарга Артем Жогагийн тавьсан хүсэлтийг зөвшөөрсөн гэж тэрбээр мэдэгдсэн байна.


"Энэ асуудлаарх миний бодол үе үе өөрчлөгдөж байлаа. Гэхдээ өнөөдөр энэ асуудлыг өөрөөр шийдэх боломжгүй гэдгийг би ойлгож байна. Тиймээс би ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ" гэж В.Путин цэргийн тусгай ажиллагааны үеэр амь эрсэдсэн баатар Владимир Жогагийн эцэг Артем Жогагийн хүсэлтийн хариуд хэлсэн байна.


"ОХУ-д шинээр нэгдсэн Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Херсон, Запорож мужуудын иргэдийн нэрийн өмнөөс, цэргийн алба хаагчид, найз нөхөд, танилуудынхаа нэрийн өмнөөс миний бие В.Путинд хандан ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд  оролцоно уу  гэж хүссэн. Миний бие төрийн тэргүүний итгэмжит төлөөлөгч болоход бэлэн байна " гэж А.Жога сэтгүүлчдэд ярьжээ.

Связанные новости