Гал зогсоох хугацааг сунгахыг “G7” дэмжиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /DW/. Израил ба ХАМАС бүлэглэлийн хооронд байгуулсан гал зогсоох тохиролцоог сунгахыг дэмжиж байгаагаа “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нар мягмар гарагт илэрхийллээ.
“Энгийн иргэдэд
хоол хүнс, ундны ус, шатахуун түлш, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг хүмүүнлэгийн
тусламж үзүүлэхийн тулд бүх хүчин чармайлтаа дайчлах ёстой” гэж “G7”-ийн
мэдэгдэлд дурджээ.
Мөн “бид тусламжийн цар хүрээг өргөжүүлж, барьцаалагдсан бүх хүнийг
суллахын тулд гал зогсоох тохиролцоог цаашид сунгахыг дэмжиж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Гадаад хэргийн
сайд нар барьцаалагдсан бүх хүнийг “нэн даруй, урьдчилсан болзолгүйгээр” суллахыг
уриалсны сацуу олон улсын хууль тогтоомжийн дагуу “Израил өөрийгөө хамгаалах эрхтэй” гэдгийг онцолжээ.
Түүнчлэн энгийн
иргэдийг хамгаалах нь туйлын чухал болохыг онцолж, мөргөлдөөнийг даамжруулахгүйн тулд бүс нутгийн түншүүдтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
“Бид израилчууд, палестинчуудын аль алинд нь шударга, урт удаан хугацаанд аюулгүй амар тайван амьдрах боломжийг олгох "хоёр улс" шийдлийн хүрээнд Палестины улсыг байгуулахын төлөө тууштай хэвээр байна” гэж мэдэгдлийн төгсгөлд дурджээ.