Д.Энхжаргалыг хуучин ажилд томилох шийдвэрийг Дээд шүүх гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-09-22 14:06:15

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдаанаар Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь Засгийн газрын өнгөрсөн оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 140 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13 сая 220 086 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрөгч 3 сард хянан хэлэлцээд Д.Энхжаргалыг Худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Засгийн газраас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 794 689 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 425 397 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэргийг өнгөрөгч 5 дугаар сард хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Б.Туул

Связанные новости